Өнгөрсөн долоо хоногт Их Британийн нийслэл Лондон хотоос бүдүүн гэдэсний хорт хавдартай өвчтөнд хийсэн мэс заслыг интернэт ашиглан дэлхий даяар анх удаа шууд дамжууллаа. Жирийн ард олон гэхээсээ анагаах ухааны салбарт мэргэшиж байгаа оюутнууд, залуу эмч мэргэжилтнүүдэд энэ шууд дамжуулалт мэдлэг, чадвараа сайжруулах чухал сургалт болжээ. Хагалгааг тусгай зориулалтын өндөр нягтрал бүхий камераар 360 градусын өнцгөөс бичиж, medicalrealities.com цахим хуудсаар шууд дамжуулсан байна.
Баяжуулсан бодит байдлын технологи ашиглан үзэгч мэс заслыг өөрөө хийж байгаа мэт үзэх боломжтой байжээ. Мөн мэс засалчийн ажиллагааг хүссэн өнцгөөсөө харах, томруулж үзэх боломжтойгоос гадна мэргэжлийн хүний тайлбарыг зэрэг сонсож, суралцаж байсан байна. Оюутнуудад тайлбарлагчаас асуулт асуух ч боломж олджээ. Ингэснээр анагаах ухааны салбарын хөгжилд шинэ хуудас нээсэн гэдгээ зохион байгуулагчид нь онцолж байна. Мэргэжлийн мэс засалчдын ур чадварыг хажууд нь байгаа мэт ажиглах нь залуу мэргэжилтнүүдэд хосгүй туршлага болох нь дамжиггүй юм.
Хагалгаа хийлгэсэн өвчтөн болох Английн иргэн, 62 настай Жэймс Ватсон эмч нарын мэдлэг чадварт хувь нэмрээ оруулахын тулд өөрт нь хийх мэс заслыг цахимаар шууд дамжуулахыг зөвшөөрчээ. Мэс засал амжилттай болсон, өвчтөний биеийн байдал сайн байна. Цаашид цахим мэс засал улам эрчээ авч, дэлхийн улс орнуудын анагаахын сургуулиудад заавал үзэх хөтөлбөрүүдийн нэг болно гэдэгт Английн мэс засалчид итгэлтэй байна. Мэс заслын бичлэгийг “Медикал Реалитис” компани тун удахгүй цахим хуудсандаа байрлуулах аж.
О.Хатанбаатар
| Мэс заслын үйл явцыг цахим хуудсаар шууд дамжуулжээ | ||
| Үзсэн: 408 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.