Монгол Улсын түүхэнд энэ өдөр ямар онцлох үйл явдал болж байсан талаар сонирхуулъя.
Монгол Улсын түүхэнд хамгийн олон жил буюу тасралтгүй 44 жил улс орноо удирдсан Юмжаагийн Цэдэнбал энэ өдөр өвчний улмаас таалал төгсөж байжээ. Тэрбээр 1940 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож түүнээс хойш тасралтгүй 44 жил буюу 1984 он хүртэл энэ намын даргаар ажилласан. Түүний удирдан ажилласан он жилүүдэд Монгол Улс орчин цагийн хөгжлийн шинэ чиг хандлагад бүрэн шилжиж, эдийн засгийг тэтгэх томоохон үйлдвэрүүд байгуулагдсан гээд өнөөгийн эдийн засгийн эцэг ч гэж түүнийг тодорхойлдог. Түүнийг 1984 онд ажлаас нь хөгшрөлт, оюуны доройтол гэдэг өвчний шалтгааны улмаас чөлөөлж, харин 1990 онд ЗХУ-д дөрөвдүгээр сарын 20-нд таалал төгсчээ.
Мөн 1980 оны дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр зүүн гурван аймагт хүчтэй цасан шуурга болж, үүний улмаас 100 гаруй хүн амь насаа алдаж, зүй бусаар 800 гаруй мянган толгой мал хорогдож байжээ. Энэ нь тухайн үедээ байгалийн гамшгийн улмаас улс ардын аж ахуйд учруулсан хохирлын хэмжээгээр нэгдүгээрт бичигдэж байлаа. Цаг уурчид, судлаачид учруулсан хохирлынх нь хэмжээгээр зүүн аймгийн нутгийг дайрч өнгөрсөн энэ хүчтэй шуурга нь 20 дугаар зууны хамгийн их хохирол учруулсан байгалийн гамшиг гэж бүртгэж авчээ.
Дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр түүхэнд сайн болон муугаараа нэрээ үлдээсэн олон алдартан мэндэлсэн байдаг. Тухайлбал, хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хар сүүдэр үлдээж, 60 сая хүний амиар хэмжигдэх дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлэгч Адольф Гитлер энэ өдөр мэндэлж байсан.

Харин манай улсын хувьд ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Санжийн Зориг энэ өдөр мэндэлж байжээ. Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн, дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдаж, хүн амины онц ноцтой энэ хэрэг илрэлгүй 18 жил болж байна.

Харин Монголын урлаг соёлынхноос энэ өдөр 20-р зууны эстрадын манлай дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа 1970 оны энэ өдөр хорвоод мэндэлжээ.

| 36 жилийн өмнөх энэ өдөр цасан шуурганаар 100 хүн амиа алдаж байжээ | ||
| Үзсэн: 2304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.