Шууд Chart

Мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон эмэгтэй амиа хорложээ

2016-04-20 14:37:05

Өндөр хүүтэй, өдөр бүр зээлийнхээ 5-10 хувийг эргэн төлөх нөхцөлтэй зээлийн сүлжээ иргэдийн дунд бий болсон тухай өнөөдөр Иргэдийн шударга шүүх ТББ-аас  мэдээллээ. Өдөр бүр мөнгөө нэхэж хүүгээс хүү, хоногоос алданги тооцдог ийм төрлийн зээлдүүлэгчдийг Япон, Солонгос зэрэг улс орнуудад мөнгө хүүлэгчид гэж нэрлэдэг байна. Яаралтай мөнгө хэрэгтэй болсон хүмүүс ийм зээл авдаг. Гэвч олонх нь эргээд эд хөрөнгө бүр эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулж байдгийг сэрэмжлүүллээ.

Өнгөрсөн жил "Хархорин" зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангууныхаа ард амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Үүний гол шалтгаан нь мөнгө хүүлэгчдийн дарамтад орсонтой холбоотой гэж эх сурвалжууд хэлж байсан. Мөнгө хүүлэгчид хүнд нэг сая төгрөг зээлсэн бол дараа өдрөөс нь л эхэлж өдөр бүр 50 мянган төгрөг нэхдэг. Өгч чадахгүй бол айлган сүрдүүлдэг байна.

Зах, худалдааны төвүүдэд ажилладаг нийт худалдаа эрхлэгчдийн 50-60 хувь нь мөнгө хүүлэгчдийн дарамтад амьдарч байгааг Иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдээлж байна. Зээлийн дарамтад орсон иргэд мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахааргүй болдог. Сүүлийн үед хулгай, дээрэм ихээр гарах болсон бүр банк дээрэмдсэн тохиолдлууд ч ойр, ойрхон гарч байгаа нь үүнтэй холбоотой гэж иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа юм. Тиймээс банк санхүү, хууль хяналтынхан, иргэдийн төлөөлөл хамтдаа энэ тухай ярилцаж шийдэлд хүрэх цаг нь болсон гэж тэд үзэж байна. Иргэд мэдээлэл муутай, ийм сүлжээнд орчихоод яаж гарах, хэнд хандахаа мэдэхгүйгээс болж хохирч байгааг сэрэмжлүүлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон эмэгтэй амиа хорложээ  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй