Шууд Chart

Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар чуулав

2016-04-22 13:08:08

2016 оны дөрөвдүгээр сарын 19-21-нд Нью-Йорк хотноо Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулган хуралдлаа.

Дэлхийн улс орон бүрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал тулгамдаж байгаа тул түүнтэй тэмцэх эрчимтэй, үр дүнтэй, хүний талыг түлхүү анхаарсан стратеги, бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг чуулганы оролцогчид хүлээн зөвшөөрч байв. Тусгай чуулганаас “Олон улсын хар тамхи, мансууруулах бодисын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн төлөөх бидний хамтын хүчин чармайлт” нэртэй төгсгөлийн баримт бичгийг батлав. Уг баримт бичигт гишүүн орнууд хар тамхи, мансууруулах бодисын эсрэг конвенциудын хэрэгжилтийг хангах, тус тусын улс нийгмийг хар тамхи, мансууруулах бодисоос ангид байлгахын төлөө үргэлжлүүлэн ажиллах эрмэлзлээ нотлов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулганд манай улсаас ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тэрээр дөрөвдүгээр сарын 21-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлж хар тамхи, мансууруулах бодисын эсрэг гурван конвенци болон “Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх нэгдмэл, тэнцвэртэй стратеги хэрэгжүүлэхийн төлөөх Улс төрийн тунхаглал ба Олон улсын хамтын ажиллагааны үйл ажиллагааны хөтөлбөр 2009-2019 “-ийг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газраас тууштай үйл ажиллагаа явуулж байгааг илтгэв.

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэлсэн үгэндээ Засгийн газрын 2012 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөрт хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулах асуудлыг тусгасан, хүчний байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалт, 21 аймагт салбар бүхий Үндэсний хороо байгуулан ажиллаж байгаа туршлага зэргийг цохон тэмдэглэлээ. Тэрээр цааш хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаа зэрэг шинэ тутам үүсч буй үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан, хар тамхи, мансууруулах бодисын холбоотой төдийгүй бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохгүй болсон тухай дурдав.

ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мөн Хар тамхи, мансууруулах бодисын нийлүүлэлтийг бууруулах, уг төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийн асуудлаарх өндөр түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлсний зэрэгцээ НҮБ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийв.


Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар чуулав  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй