“Монголын мэдээ” суваг улаанбурхан өвчний дэгдэлт, эмчилгээ оношлогооны хүртээмж болон сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгааг өдөр бүр мэдээлж байгаа. Тэгвэл орон нутагт энэ өвчний дэгдэлт, эм тариа, тоног төхөөрөмж, эмнэлэгийн хүрэлцээ хангамж ямар байдалтай байгааг Завхан, Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч нар бэлтгэн ирүүлсэн байна.
Завхан аймагт улаанбурхан өвчнөөр 4-40 насныхан өвчилж байна
Завхан аймгийн хувьд 24 сумтай. Улаанбурхан өвчин Ургамал сумаас эхлэн бүртгэгдэж одоогоор сум бүрт энэ өвчнөөр оношлогдсон хүүхдүүд эмчилгээ хийлгэж байна. Сэхээн амьдруулах хэмжээнд хүртэл хүндэрсэн 7 хүүхэд байсныг шаардлагатай эмчилгээ хийж биеийн байдал нь сайжирч байна. Энэ өвчнөөр 4 сартайгаас 40 гаруй настай иргэд өвчилж байгаагаас ялангуяа сахиур ээжүүд ихээр өвчилж, одоогоор 5 ээж эмчилгээ хийлгэж байна.
Аймгийн төвийн оюутны байруудад үзлэг хийж, сургалт зохион байгуулсны үр дүнд их дээд сургууль, коллежийн оюутнууд дахин өвчлөөгүй байна. Гэвч 18-30 насны залуучуудыг, тэр дундаа голомтод орсон иргэдийг вакцинд яаралтай хамруулах шаардлагатай байгааг хэлж байна. Завхан аймаг ийнхүү улаанбурханы эндэгдэлгүй ажиллаж байгаа нь зориулалтын шинэ байртай болсонтой холбоотой. 2014 онд 30 ортой Халдвартын эмнэлэг ашиглалтад орж, халдвартай хүнийг хүлээн авах зориулалтын тусгаарлах өрөө бүхий байртай болсноор амьсгалын болон ходоод, гэдэсний халдвар гарсан тохиолдолд халдвар тараахгүй, шинээр нэмж халдвар авахгүй байх, нөхцөл бүрдээд байгаа. Харин тоног төхөөрөмжийн хангалт муутай байгаа гэдгийг эмнэлэгийхэн хэлж байна. Одоогоор салхин цэцэг, гахайн хавдар, В, С вирусын халдвар мөн бүртгэгджээ.
Хөвсгөл аймагт улаанбурхан өвчний гаралт буурч байгаа
Харин Хөвсгөл аймагт он гарснаас хойш өнөөдрийг хүртэл улаанбурхан өвчний 531 тохиолдол бүртгэгджээ. Үүний 264 нь аймгийн нэгдсэн эмнэлэгтээ эмчлүүлж, бусад нь гэртээ эмчийн заавраар эмчлүүлсэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт сарын өмнө улаанбурханы 18-20 тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт 1-3 болж буурч байгааг мэдээлж байна.
Дээрх аймгуудын нөхцөл байдлаас харвал хоёр, гуравдугаар сард эрчтэй дэгдэж байсан улаанбурханы тохиолдол сүүлийн өдрүүдэд харьцангуй буурч байна. Мөн өнөөдрийг хүртэл аймгийн эрүүл мэндийн салбар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгааг хэлж байлаа.
| Улаанбурханаар өвдсөн хүүхдээ сахин хэвтэж буй ээжүүд өвдөх нь ихэсчээ | ||
| Үзсэн: 513 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.