10 дугаар сарын эхний долоо хоног өндөрлөж байна. Ургац хураалтын ажил ид өрнөсөн энэ өдрүүдэд цаг агаарын байдал таатай байсныг дурдах нь зүйтэй болов уу. Өнгөрсөн долоо хоногт ҮХААЯ-ны газар тариалангийн мэргэжилтнүүд ургац хураалтын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь очиж ажилласан. Ингээд цаг агаарын байдал тааламжтай байвал манай улс 10 сарын 20 гэхэд ургацаа бүрэн хурааж дуусна гэх тооцоог гаргалаа. Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан онцлоход ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилсан “Нүүрс” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж эхлэв.
Энэ өвөл тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдэд 200 мянган тонн нүүрсийг зах зээлийн үнээс хямд буюу 40 кг савлагаатайг 3200 төгрөгөөр, нэг тонныг нь 80.000 төгрөгөөр худалдаалах юм байна. Нийслэлийн хэмжээнд”Нүүрс” хөтөлбөрийн 55 цэг ажиллана.
Нийгмийг хамруулсан онцлог үйл явдлаас тоймлоход Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг С.Зориг агсан бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдаад 15 жил өнгөрлөө. 10 сарын 2-ны өдөр талийгаачийн ах дүү, журмын нөхөд, төрөл төрөгсөд, хүндлэн дээдлэгч иргэд түүний хөшөөнд цэцэг өргөсөн юм. Өвчиндөө шаналж буй бяцхан охин, үрийнхээ төлөө энэлсэн ээжийн хүсэлт шаардлагыг үл ойшоон нойроо харамлан унтаж хариуцлага алдсан СБД-ийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарыг ажлаас нь халлаа. Хамгийн харамсалтай нь сувилагч нарыг ажлаас халснаар бяцхан охин ээждээ эргээд ирэхгүй, нялх үрээ харсаар байж алдсан эхийн сэтгэлийн гуниг зовлон эдгэхгүй юм. Мөн шинэ удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ГССҮТ-ийн эмч нар эсэргүүцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
Сүүлийн саруудад эрүүл мэндийн салбартай холбоотой таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч байна. Эрүүл энхийн манаанд тангараг өргөж зогссон эмч нарын асуудлыг салбарын яам ёс зүйн хороогоороо хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулсан байна. Нефть импортлогч Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд АИ-92 шатахууны литр тутмын үнийг 50 төгрөгөөр нэмлээ. Холбогдох газрууд шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж үзэж байгаа. Засгийн газрын тэргүүн Засгийн газар Монголбанктай хамтарч нефтийн компаниудад урт хугацааны бага хүүтэй зээл өгсөн, валютын ханш өөрчлөгдөхөд гарах эрсдэлээс нь тодорхой хэмжээнд хуваалцаж байгаа. Ийм тохиолдолд компани үнээ нэмж байгаа бол манай хөтөлбөрөөс хасагдана гэж мэдэгдээд байгаа. Улс төрийн амьдралаас онцлоход УИХ-ын намрын ээлжит чуулган эхэллээ.
Тус чуулганаар 12 хуулийн төслийг хэлэлцэхээр тусгагдсан. Цаашилбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан гэх хэргийн дуулиан энэ 7 хоногт ч үргэлжиллээ. Цагдаагийн байгууллага Н.Номтойбаярт хэрэг үүсгэж мэдэгдэх хуудас ирүүлсэн бол эрхэм гишүүн хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн. Тэр өөрийгөө буруугүй хэмээн ярьж байгаа. Харин үнэн мөнийг хуулийн байгууллага тун удахгүй тогтоох бизээ. “Рио Тонто”-той хэлэлцээр хийгээд ирсэн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд мэдээлэл өгсөн.
Хэлэлцээрийн үеэр манай талаас 22 асуудал, “Рио Тинто”-гийн талаас найман асуудлыг тавьж 15 асуудлыг нь шийдвэрлэсэн гэнэ. Харин үлдсэн асуудлуудыг шийдвэрлэхээр хоёр талын хамтарсан гурван ажлын хэсгийг байгуулахаар тохиролцоонд хүрсэн гэнэ. МЗЭ-ийн их хуралтай холбоотой асуудлыг онцолмоор байна. Хоёр өдөр үргэлжлэх их хуралдаа зохиолчид 82 сая 600 мянган төгрөг төсөвлөн авсан байна. ССАЖ-ын сайдын “Соёл, урлаг хөгжүүлэх сан”-гаас гаргуулсан энэ мөнгөөр юу хийсэн хэрхэн зарцуулсан талаар асуудал үүсч АТГ-т шалгуулах хүсэлт очсон байна.
Одоогоор АТГ ч, МЗЭ ч энэ талаар тодорхой албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Хамгийн сүүлд онцлон сайшаан дурдахад Хонконг улсад болсон олон улсын ой тогтоолтын тэмцээнээс манай баг тамирчид 39 медальтай ирлээ. Бүр онцолбол Б.Намуунтуул нээлттэй тэмцээний дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртэж дэлхийн чансаанд 1700 гаруй тамирчнаас 51 дүгээрт бичигдсэн өвөрмөц амжилтын эзэн болсон юм. Намрын дунд сарын нэгэн 7 хоногийн үйл явдлаас тоймлов.
MNB.MN-ий онцлох сэдэв - Өнгөрч буй 7 хоногт | ||
Үзсэн: 1940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.