Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болсон НҮБ-ын Соёл иргэншлүүдийн холбооны VII чуулга уулзалтад оролцсон Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2016 оны дөрөвдүгээр сарын 27-нд тус улсын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал Хазар Фархадовтой уулзаж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяровыг манай улсад айлчлахыг урьсан урилга бүхий захидал болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг хүссэн сайд Л.Пүрэвсүрэн ба НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Шамшад Ахтар нарын хамтарсан захидлыг тус тус гардуулж ярилцав.
Тус уулзалтаар Азербайжаны Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр хэлэлцэх асуудал, гарын үсэг зурах баримт бичиг болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.
Элчин сайд Б.Батхишиг мөн өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн яамны Стратегийн судалгаа, шинжилгээний удирдлагын газрын захирал Элман Агаевтай уулзаж, дээрх захидлуудын хувийг гардуулав.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрийг анх 2010 онд байгуулж, эдүгээ түүнд 8 орон нэгдсэн бөгөөд уг төв Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тухай элчин сайд танилцуулаад Азербайжан улс уг хэлэлцээрт нэгдэн орно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ноён Элман Агаев Азербайжан улс бүс нутгийн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн асуудлаар нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурьдаж, Монголын талын саналыг анхааралтай судлан үзнэ гэв.
Монгол Улсын Гадаад хэргийн сайдын захидлыг гардуулав | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.