Шууд Chart

М.Ганболд: Онгоц чиг алдсан шалтгааныг шалгаж байна

2016-05-04 15:34:28

Энэ сарын 3-нд Ховд-Улаанбаатар чиглэлийн онгоц чиглэл алдсанаас болж хөөрөх зурвас дээр зогссон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар “МИАТ” ХХК-ийн Нислэг техник үйл ажиллагааны захирал М.Ганболдоос тодрууллаа.

-Нислэг саатсан талаарх албан ёсны тайлбарыг өгөөч. Шалтгааныг тодорхой болгосон уу?
-Манай компанийн техникийн баг ИНЕГ-ын шинжлэн шалгах албатай хамтран хоёр өдөр ажиллаж байна. Манай багийн үүрэг бол онгоцондоо үзлэг хийгээд гэмтлийн хэмжээг тодорхойлох ёстой. Харин нөгөө баг гэмтлийн шалтгааныг тодорхойлох үүрэгтэй ажиллаж байгаа. Яг одоогоор зөрчил юунаас болсныг тогтоогоогүй байна.

-Онгоцонд ер нь хэдэн зорчигч сууж явсан бэ?
-Нийтдээ 97 зорчигч байсан. Өчигдөр, өнөөдөр хоёрын нислэгээр 90 зорчигч нийслэлд ирээд байна. Бусад хүн нь өчигдөр орой газраар нийслэл рүү гарсан гэх мэдээ байгаа. Зорчигчдын хувьд ямар нэгэн бэртэл, гэмтэл авсан гэх мэдээ алга.

-Онгоц хэдэн км/цагийн хурдтай явсан юм бэ?
-Хөөрөлтийн гүйлтээ гүйцэтгэж эхлээд ойролцоогоор 100 км/ цагийн хурдтай байхдаа чиг алдсан. Зурваснаасаа гараад яаралтай арга хэмжээ авч буцан зурвас дээрээ зогссон байгаа. Мэргэжлийнхэн үүнийг тасалдсан нислэг гэж нэрлэдэг.

-Одоо танай нислэг хэвийн үргэлжилж байгаа юу?
-Нислэг тасалдсаныг шалгаж байгаа багууд шинжилгээнийхээ дүнг хэлсний дараа ниснэ. Гэхдээ тэрнээс өмнө бол зорчигчдоо бага оврын онгоцоор тээвэрлэж, нислэгээ үргэлжлүүлнэ гэх байр суурьтай байгаа.

-Чиг алдсан онгоцыг түрээсэлдэг байсан гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Европын бүртгэлтэй учраас Ирландын Иргэний нисэхийн газраас жил бүр ирж нислэг, тэнцвэрийн чадлыг сунгадаг. Энэхүү сунгах үйл ажиллагаа өнгөрөгч дөрөвдүгээр сард хийгдээд “Онгоц нислэгт тэнцэнэ” гэх дүгнэлтийг жилийн хугацаанд гаргаж өгсөн. Тэгэхээр бидний хувьд онгоц талаасаа бүх зүйл хэвийн байсан гэж үзэж байгаа.

-Тэгвэл нисгэгч алдаа гаргасан гэж ойлгож болох уу?
-Нисгэгчдийн хувьд 25-26 жил ниссэн 8000-13 мянган нислэгийн цагтай, дадлага туршлагатай хүмүүс энэ онгоцыг жолоодож байсан. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

М.Ганболд: Онгоц чиг алдсан шалтгааныг шалгаж байна   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй