Орчин үеийн томоохон хотуудын хөгжлийн гол үзүүлэлтүүдийн нэг нь ногоон байгууламж. Харин манай улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд хүн амын тоондоо харьцуулсан үзүүлэлтээр ногоон байгууламжийн хэмжээ шаардлагатай түвшнээс 10 дахин бага байна. Жил бүр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө зарцуулан ажил зохион байгуулдаг ч үүний үр дүн шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа. Энэ нь манай улсад ногоон хөгжлийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгаатай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.
1990 онд Улаанбаатар хотод долоон сая гаруй мод ургаж байжээ. Харин 2000 он гэхэд энэ тоо бараг 50 хувиар буурч 3.5 сая болсон байна. Барилга байгууламж баригдаж бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр хотын ногоон байгууламжаа иргэд бид өөрсдөө сүйтгэн 2013 онд гэхэд нийслэл хот ердөө л 1сая 200 мянган модтой болсон байна. Ногоон байгууламжийн хэмжээ буурахтай зэрэгцээд хүн амын тоо өссөн учраас 2016 он гэхэд Улаанбаатар хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.6 м2 болжээ. Уг нь зохистой хэмжээ нь 24 м2 байх ёстой гэсэн стандарт нэг саяас дээш хүн амтай томоохон хотуудад мөрдөгддөг байна. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд төсөв хөрөнгийг багагүй зарцуулж байгаа. Харин үр дүн нь хэрхэн гарч байна вэ.
Ер нь томоохон хот суурин газрууд шаардлагатай барилга орон сууц, зам талбайг барьж байгуулаад бусад хэсэгт нь ногоон байгууламж байгуулдаг. Эсвэл эко хавтангаар хучдаг туршлага ч байдаг. Харин манай улсад аль алиныг нь хангалттай хийдэггүй учир сул шороо ихтэй, үүнийг дагаад тоосжилт агаарын бохирдол ч нэмэддэг. Энэ байдлыг арилгах хамгийн тохиромжтой арга нь мэдээж ногоон байгууламж. Гэхдээ мод зүлэг тарих ажлыг мэргэжлийн хүмүүс хийдэггүйгээс үр дүнд хүрэхгүй байна гэх шүүмжлэл иргэдийн дунд байдаг.
2013 онд УИХ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийсэн. Үүгээр 2016 он гэхэд нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 9м2 т хүргэнэ гэсэн зорилт тавьж байсан юм. Өнөөдрийн байдлаар энэ зорилтын талд нь ч хүрээгүй байна. Энэ нь хотын ногоон бодлогыг олон жилээр харсан урт хугацаанд хэрэгжих мастер төлөвлөлт байхгүйтэй холбоотой гэж албаны хүн тайлбарлаж байна. 2012 онд нийслэл хотын хэмжээнд ердөө 12 га-д ногоон байгууламжийн арчлалтын ажлыг хийж байсан. Харин энэ онд дээрх тоо 98 га болж, үүнд 5.6 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Энэ ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүдж, хяналтын тогтолцоог сайжруулах гээд олон чухал асуудлыг нарийвчилж журамлах хэрэгтэй гэж энэ талын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Улаанбаатар хотын ногоон байгууламж зохистой хэмжээнээс 10 дахин бага | ||
| Үзсэн: 2809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.