Манай улсад болзошгүй томоохон гамшиг осол тохиолдоход олон улсын хүмүүнлэгийн тусламжид хэрхэн яаж хамрагдах тухай зохицуулсан хууль эрх зүйн орчин өнөөг хүртэл байдаггүй. Энэ чиглэлд бодлогын шинэчлэл хийх, гамшиг ослын үед хүмүүнлэгийн ажиллагааг явуулах олон улсын туршлагыг судлах зорилгоор өнөөдөр салбарынхан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ жил өвөл болон хаваржилтын нөхцөл байдал хүндэрсний улмаас манай улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын сүүлийн байдлаар нийт 900 гаруй мянган толгой мал хорогдоод байна. Мал аж ахуйн салбарт зудын эрсдэл тохиолдоход зөвхөн бараа материалын тусламжаас гадна урьдчилан сэргийлэх, сэтгэл зүй, авран хамгаалах багийн олон улсын тусламж авах боломжтой. Харин ийм орчныг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн шинэчлэл манайд хэрэгтэй байгааг салбарынхан хэлж байна.
Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн Улаан хавирган сар холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” судалгаа хийсэн байна. Увс аймгийн Тариалан, Дорноговь аймгийн Луус сумын малчдын дунд хийсэн судалгаагаар гамшиг ослын үед даван туулах чадвар иргэдийн дунд муу байгаагаас гадна төрийн хамгаалалт хангалтгүй байна гэж дүгнэжээ.
Гамшиг ослын үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бараа материалын жагсаалт манайд одоогоор байхгүй байна. Хэрэв олон улсын аврах багийг ажиллуулвал визний асуудлыг хэрхэн шийдэх, техник технологийн дэмжлэг тусламж авсан тохиолдолд хог хаягдлыг устгах уу, эсвэл эргүүлээд гаргах уу гээд олон асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтад тусгаж байгаа юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Гамшгаас хамгаалах тухай хуульд хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг тусгана | ||
| Үзсэн: 391 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.