Импортын улаан буудайн шинжилгээний асуудлаар өнөөдөр мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тайлбар мэдээлэл хийлээ. Тариалан эрхлэгчид өнгөрсөн намар ургац алдсанаас болж энэ хавар тарих үрийн буудайгаа ОХУ-аас импортоор авахаар болсон. Гэтэл импортоор буудай оруулж ирэх эрх авсан зарим компанийн үрийн буудай чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийн өөр өөр дүгнэлт гараад байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгосон. Тариалан эрхлэлтийг дэмжих сантай хийсэн гэрээний хүрээнд эхний ээлжид “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр оруулж иржээ. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар харьяаллын дагуу Хөтөл дэх ТЭДС-ийн агуулахад буулгасан импортын буудайнаас дээж авч, шинжилгээ хийгээд шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргасан байна. Харин харьяаллын бус Сэлэнгэ аймгийн МХГ-аас буудай ачсан вагоноос зөвшөөрөлгүй дээж авч, чанаргүй гэсэн дүгнэлт бичсэн тухай албаныхан тайлбарлалаа.
“Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирсэн үрийн буудайн чанарт эргэлзсэн зарим иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Иймээс ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 3-ны өдөр бүх талын төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин шинжлэхээр дээж авсан боловч уг дээжийг одоог хүртэл шинжилгээнд өгөөгүй байгаа юм байна.
Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтийг зарим тариалан эрхлэгчид хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл ОХУ-аас оруулж ирсэн буудай нь Монголд нутагшаагүй, хаягдал ихтэй буудай гэж үзэх тариаланчид байгаа юм.
Буудайн чанарыг тодорхойлох мэргэжлийн байгууллагын шинжилгээний эцсийн хариу гарвал буудай авахаар захиалга өгсөн 200 тариаланчид ТЭДС-аас зээлээр олгох юм. Одоогийн байдлаар “Хангайн гурил” компани импортын буудайг оруулж ирж чадахгүй болсноо мэдэгдсэн. Тиймээс тус компанийн тариаланчдад нийлүүлэх байсан 4000 тонн үрийн буудайг Улсын нөөцийн сангаас гаргахаар тооцож байна.
| Импортын буудайн шинжилгээний маргаанаас болж хаврын тариалалт оройтож байна | ||
| Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.