“Монголын мэдээ” сувгийн “Явуулын студи” нэвтрүүлэгт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар уригдан оролцлоо.
-Сонгуулийн хууль гээд намууд жаахан бужигнаантай байлаа шүү дээ. Таны ажил хэр байна?
-Сонгуулийн эргэн тойронд нэлээд үйл явдал өрнөж байна. 2016 оны өмнө Сонгуулийн тухай шинэ хууль батлагдсан. Түүнтэй холбоотой нэлээд асуудлууд яригдсан. Сая зарим гишүүн хууль өөрчлөх талаар баримт бичиг оруулна, мандатын тоог өөрчилнө гэх мэтээр нэлээд ярьсан. Үндсэн хуулийн цэц улстөрийн амьдралд өөрчлөлт оруулахуйц шийдвэрийг гаргасантай холбогдуулан бид байр сууриа илэрхийлж, эсэргүүцэж байгаагаа хэлсэн гэх мэтээр улстөрийн бужигнаан их л байлаа.
-Энэ Сонгуулийн хууль дээр та ажиглагчийн байр сууринаас хандсан. Өмнөх сонгуулийн хуульд та гар бие оролцож, батлалцсан хүний нэг шүү дээ?
-2001 онд анх СЕХ-ны Нарийн бичгийн даргаар УИХ-аас томилогдож байсан. Тэр цагаас хойш 2012 оны УИХ-ын сонгууль дуустал гэхээр 11 жилийн хугацаанд Монгол Улсын сонгуулийн бүх хууль дүрмэнд гар бие оролцсон. Мөн сүүлийн 2011 онд баталсан Сонгуулийн шинэчлэлийн тухай хуулийг гаргахад мэдээж гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг. 2012 оны сонгуулийг амгалан тайван, төрт ёсоо биелүүлж авч гарсан сонгууль байгаасай гэх үүднээс их санаа зовсон, их ч цаг гаргасан. Гэхдээ сонгуульд гарч чадаагүй учраас миний гүйцэтгэх үйл ажиллагаа хэсэг хугацаанд зогссон. Харин сая бол таны хэлдгээр ажиглагчийн байр сууринаас хандсан. Гэхдээ МАХН-ын Ерөнхий нарийн бичиг гэдгээрээ нэлээд шүүмжлэлтэй хандаж, олон нийтэд, намынхандаа ч хэлсэн.

-МАН-ын Нарийн бичгийн дарга байсан, Сонгуульд өрсөлдсөн, ялагдсан тэгээд нэг хэсэг сураггүй болчихсон. Цахим орчноос харахад АНУ-д сурч байгаа сурагтай байсан. Тэгээд гэнэт МАХН-д орсон. Тухайн үед олон нийт танд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?
-Яах вэ. Надтай нэлээд ойр ажиллаж байсан залуус намайг шүүмжилсэн харагдаж байсан. Гэхдээ би үүнийг хэвийн, зүй ёсны зүйл мэтээр хүлээж авсан. Нэг зүйлийг хэлэхэд, надад МАН-аас гарах шалтгаан байсан. Учир нь намд цөөн тооны бүлэг хүмүүс бий болж, намын чөлөөт ардчиллыг хааж, шударгаар өрсөлдөх боломжийг хааж байна гэдэг нэг шалтгаан байлаа. Хоёрдугаарт, би намаас гарч өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний цочролыг өгөхийг хүссэн. Энэ нь намын шинэчлэлийг түргэсгэж, шинэ шатанд гаргах бас нэг гарц байлаа. Гуравдугаарт, МАН, МАХН хоёр бол улстөрийн үзэл баримтлалын үнэт зүйл, гишүүдийн хувьд нийтлэг шинж чанартай учраас улстөрийн нэг хүчин зохион байгуулах үйл явцад өөрийн хүчин зүтгэлээ үзүүлэх боломж байна гэдгийг хэлсэн. Тодорхой хэмжээнд миний үзэл бодлыг хуваалцаад, намайг дэмжих нөгөө орон зайн дэмжигчид МАХН-д байна. Ялангуяа Н.Энхбаяр даргатай миний үзэл бодол тохирч таарч байсан учраас зохицоод ажиллаад явъя гэж бодсон. Улстөрчийн хувьд тэр хүн сайн, муу гэж хэлүүлэх надад сонин санагдаагүй. Ганцхан улстөрийн чиг шугамаар нь авч үзээд хамтран ажиллая гэж бодсон. Би бол зарим хүний шүүмжлээд байгаа шиг гишүүдээсээ, үнэт зүйлсээсээ урвахгүй юм аа. Гишүүд дэмжигчид гэдэг үзэл санаа, үзэл баримтлалын орон зай. Тэгээд үзэхээр МАН, МАХН-ын гишүүд үндсэндээ нийтлэг байгаад байна. Би ерөөсөө үндэснээсээ салаагүй. Модны мөчрөөр яривал зүгээр л наран талдаа ургахыг бодсон хэрэг. Би үндэснээсээ салаад явчихсан бол өөр юм хөөгөөд өөр орон зайд явж байгаа. МАН-д байхад надтай бүх зүйлээ хамтарч, сэтгэл зүрхээрээ хамтран ажиллаж байсан хүмүүс маань бүгд үлдсэн. МАХН-д намайг орж ажиллаж байхад намайг шүүмжилдэг хүмүүс байдаг л байсан. Энэ бол хэвийн зүйл.
Тиймээс Ж.Сүхбаатар гэдэг хүн байгаагаараа улстөрийн амьдралд явж л байна. Би өнөөг хүртэл өөрийнхөөрөө явж ирсэн, хөөгдөөгүй, урваж шарваагүй. Толгой гудайлгасан юм алга.
-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд сонгуулийн ажилд дарагдчихсан л байгаа байх?
-Сонгуулийн ажил бол нерв барсан их хүнд ажил байдаг. Тэр тусмаа МАХН бол нэлээд шахалт хавчлага дунд яваа. Ийм нөхцөлд намын Ерөнхий нарийн бичгийн дарга бол тэвчиж, хатуужих, нөхөддөө урам зориг өгөх, намынхаа хамт олон удирдлагаа сонгуульд эв санааны нэгдлээр зангидаж орох, харилцан ойлголцож явах зэрэг маш том ажил явж байна. Энэ утгаараа бид УИХ-д суудалтай нөгөө хоёр намаасаа бол илүү их хүч гаргасан байдлаар шийдвэрлэдэг. Гүйлтээр яривал саадтай гүйлтээр л гүйж байна даа. Гэхдээ энэ ажлаа хэцүү гэж гомдоллоод байлгүй л хийх ёстой. Гомдоллож, шүүмжилдэг мест бол энэ биш. Энэ ажил бол гомдол хүлээж авдаг, шүүмжлүүлдэг, зөвхөн ажил хийдэг албан тушаал.

-Саяхан шинэ номынхоо нээлтийг хийж байсан?
-“Өрнөдийн орнуудын захиргааны эрх зүйн тойм” гээд ном гаргасан. Редактораар нь н.Ганзориг багш маань ажилласан. Энэ номыг 16 жилийн өмнө би эхлүүлээд жаахан бичсэн байсан юм. Сая л нэг чөлөөтэй байх хугацаандаа дуусгаж, хэвлүүллээ. Америкт нэлээд ном зохиол уншиж, эргэцүүллээ, үзэж харлаа.
Миний нэг мөрөөдөл АНУ-д судалгаа хийж үзье, дээр нь Европт бүтээл гаргах хүсэл байдаг юм. Тэрний маань өчүүхэн нэг хэсэг нь энэ. Дараагийн нэг мөрөөдөл маань Европод тодорхой хэмжээний судалгаа хийгээд “Орчин үеийн монголчуудын захиргааны эрх зүй” гээд сурах бичиг хийх санаа байна.
-Захиргааны эрх зүй гэхээр яг юун тухай өгүүлнэ гэсэн үг вэ?
-Захиргааны эрх зүй гэдэг нь бидний амьдралд байнга тааралдаж, харьцдаг яам, агентлаг хорооны Засаг дарга, өрхийн эмнэлэг зэрэг үйлчилгээний байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулдаг зохион байгуулалтыг хэлдэг. Гомдол, санал гаргах хүртэл орно. Энд нэг чухал зүйлийг заасан нь яам, агентлаг бүрт гомдол хүлээн авах бичиг хэргийн хүн гаргачихсан байдаг. Гэтэл энэ номонд гомдол хүлээн авах журмыг нарийн заасан. Гомдол хүлээн авч шийдвэрлэх нь яам, агентлагийн хамгийн чухал үүрэг.
-Хүн амьдралдаа нэг удаа зогсолт хийх ёстой-
.jpg)
-Та Америкт хэр удсан бэ?
-АНУ-ын Лос Анжелес хотод нэг жил боллоо. Тэр хугацаандаа сургалтад суулаа. Хэлнийхээ мэдлэгийг дээшлүүллээ. Америкийн амьдралыг дотроос нь харлаа. Мөн Америкт байх хугацаандаа “Хүн амьдралдаа нэг удаа зогсолт хийх ёстой” гэх номыг уншсан. Энэ ном миний нүдийг нээсэн гэж хэлж болно. Үүний ачаар би нэлээд олон асуудалд тайван хандаж явсаар өнөөгийн энэ байдалд хүрээд байна гэж ойлгож болно доо.
-УИХ-ын гишүүнээс буугаад яагаад бизнес эрхэлсэнгүй вэ. Гишүүдийг хараад байхад ихэнхдээ бизнес эрхэлдэг?
-Надад хуулийн сургуульд буцаж багшаар ажилд орох, зөвлөх болох хоёр зам байсан. Гэхдээ би алийг нь ч сонголгүй сурахаар шийдсэн. Ингэхдээ танил найз нөхөд, зарим гишүүдээс дэмжлэг хүссэн. Ер нь миний гол капитал бол надад итгэдэг, намайг дэмждэг тэр хүмүүс л юм. Тэр хүмүүс хэзээ ч надтай энэ хүн компанитай, эсвэл хэзээ нэгэн цагт тендер авна гэх мэтээр харьцаж байгаагүй. Миний хэрэглээ ч тийм их өндөр биш.
-Би бөхөд хорхойтой-
.jpg)
-Таныг бөхөөр хичээллэж байсан гэж сонссон?
-Тийм ээ. Дарханы Чөлөөт бөхийн өсвөрийн хотын аварга болж байлаа. 10 дугаар ангидаа жүдод хүч үзсэн. Жүдогоор хотын аварга болж байсан. Ингээд яриад байвал хөнгөн атлетикаар ч хотоос нэлээд шагнал авсан. Тэгээд Улаанбаатарт ирээд Хуулийн сургуульд ороод спортоо орхисон доо.
-Таны шүүгээн дээр байгаа үндэсний бөхийн малгай нүдэнд тусаад байна. Энэ талаар яривал?
-Манай аав 20-21 настай үедээ Үндэсний бөхөөр барилдаж байсан гэдэг. Тэр үед өмсч байсан зодог, шуудаг, малгайг нь би дээдэлж явдаг юм. Их хуучных аа. Бараг 1970-аад оны эхэн үеийн өмсгөл байх. Аав минь их том биетэй, Аймгийн арслан, жүдогийн спортын мастер С.Жамъянхорлоо гэж хүн байсан. Би хоёр жил л үндэсний бөхөөр барилдсан даа. Гэхдээ би бөхөд хорхойтой. Саяхан надад Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгож байгааг дуулгасан. Цаашид энэ ажилдаа нэлээд идэвхийлэн орох санаатай байна.
-Фэйсбүүкээс чинь харахад фитнесст яваад байгаа харагдсан?
-Хэдэн жилийн өмнө би Монголын фитнесс бодибилдингийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаад нэг хэсэг уналтад ороод байсан салбарыг сэргээх гэж зүтгэсэн. Тодорхой хэмжээний амжилт олсон. Одоо хоёр холбоо байгаа, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх. Ер нь тэгээд улс төрөөс холдоод ирэхээр эрүүл мэнддээ их анхаардаг юм байна. Өндөр ачаалалтай, дарамттай ажил хийдэг хүмүүсийн хувьд эрүүл мэндийн асуудал маш их байдаг. Тиймээс би Америкт байхдаа иогийн хичээлд нэг хэсэг суудаг байлаа. Маш сонирхолтой юм билээ. Иог их хүнд дасгалаас эхлээд хүндэрч дуусдаг. Фитнессийн хувьд арай илүү ачаалалтай байдаг. Миний хувьд фитнессийг биеийн чилээ гаргах далимаар жаахан хийсэн. Гэхдээ нам төрийн ажлаас болоод жаахан цалгардаад л байна. Боломж гарвал гүйж очоод фитнессээ хийхийг л боддог. Хийхгүй удчихаар бие хөшөөд ажлын бүтээмж нэлээд буураад байх шиг санагддаг. Өнөөдөр бол ямартай ч фитнесстээ орно гэж бодож байна.

-Фитнесст ер нь ихэвчлэн ямар дасгалуудыг хийдэг вэ?
-Өдөр бүр өөр л дөө. Ихэвчлэн гүйлт, сунгалт хийдэг. Зарим өдөр бага зэрэг хүчний дасгал хийдэг. Айхтар төмөр өргөөд байдаггүй. Өмнө хэлсэнчлэн тасалдаад байгаа учраас айхтар ачаалал авахгүй байна.
-Хүмүүсийг хараад байхад багшаасаа зөвлөгөө аваад л хичээллээд байдаг юм билээ. Таны хувьд тасалдаад байхаар багшгүй болчихож байна уу?
-Зарим үед багшаасаа, дасгалжуулагчаасаа зөвлөгөө авна аа. Гэхдээ олон жил өндөр хэмжээнд бэлтгэл аваад сурчихсан хүн болохоор биеийн онцлогоо мэддэг болчихсон. Мэдээж тодорхой хэмжээний дараа дасгалжуулагчаас зөвлөгөө авч байх хэрэгтэй. Манай залуусыг хараад байхад ихэнхдээ хүчний дасгалуудыг их хийж байна. Гэхдээ хүчний дасгал хийдэг хүмүүс 40 гараад ирэхээрээ биегүй болчихдог юм аа. Тиймээс заавал багшийн, дасгалжуулагчийн зөвлөгөөг авч хүчний дасгал хийж байгаарай гэж зөвлөмөөр байна. Би бол заримдааYoutube-ээс иогийн дасгал харж байгаад хийчихдэг.
-Ер нь гишүүн байхдаа фитнесст явж байсан юм уу?
-Төрийн ордны доод талын подволыг жаахан тохижуулаад тэрүүхэндээ жаахан бэлтгэл хийчихдэг өрөөтэй болж байлаа. Тэнд манай Тамгын газрын ажилчид, зарим гишүүн орж их бэлтгэл хийдэг байсан юм. Нэг гэм нь жаахан агааржуулалт муутай, душ гэх мэтийн асуудалтай л байлаа. Одоо ажиллаж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна.

-Америкт бол байнга л бэлтгэлтэй байна биз?
-Америкт бүх зүйл их хямдхан шүү дээ. 2008 онд Барак Обама төрийн эрхэнд гарч ирээд, эхнэр Мишель Обама таргалалтын эсрэг маш том төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд Америк даяараа хөдөлж байлаа. Намайг 2001 онд Америкт очиход тарган хүн маш их байсан. Сая намайг Америкт амьдрах хугацаанд тарган хүний тоо эрс багассан. Тиймээс Америкт байхад фитнесст явахгүй байхын ч аргагүй.
-Америкт байхдаа цагийн ажил хийдэг байсан гэж сонссон?
-Би хоёр найзтайгаа байр түрээслэж амьдардаг байлаа. Тэгээд бид тодорхой хэмжээний ажил хийж үзье гээд хоолны мөнгө зэргийн зүйлийг олчихдог жижигхэн зүйл бол хийж үзсэн. Гэхдээ Монгол төрийн түшээ байсан хүний хувьд айхтар хар, бор ажил хийсэн гэж бас хэлж болохгүй байх. Багахан хэмжээний урамшууллын ажил хийж байсан.
-Ер нь Ж.Сүхбаатар гэж хэн юм бэ?
-Ж.Сүхбаатар гэдэг бол Н.Жанцанноров, Б.Шарав, Н.Түвшинбаяр гэсэн хүмүүсийн цаг үед амьдарч буй нэгэн. Монгол түмний өнө хэтийн зорилгыг биелүүлсэн хүн бол яахын аргагүй Н.Түвшинбаяр. Энэ хүн бол бидний бахархал юм. Н.Жанцанноров гуайн хувьд хөгжмийн зохиолчоос гадна сэтгэгч талаасаа аливаа зүйлд гүн гүнзгий хандаж чаддаг мундаг хүн. Б.Шарав гуай бол цаанаа л нэг эрхэмсэг эгэлгүй. Бид энэ хүмүүсийн цаг үед амьдарч байна. Тиймээс ийм цаг үедээ эвтэй амьдарч сурах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.

| Ж.Сүхбаатар: Би үнэт зүйлээсээ, дэмжигчдээсээ урваагүй | ||
| Үзсэн: 2555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.