Шууд Chart

Ц.Оюундарь: “Рио 2016” наадам, “Евро 2016” тэмцээнийг МҮОНРТ онцгой эрхтэйгээр шууд дамжуулна

2016-05-17 12:15:07

МҮОНРТ-ийн хамт олон дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг зуны 31 дүгээр олимп буюу “Рио 2016”, хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулдаг “Евро 2016” тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг аваад байна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундариас зарим зүйлийг тодруулсан юм.

-Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн том хоёр контентийг МҮОНРТ онцгой эрхтэйгээр дамжуулна. Хөлбөмбөгийн “Евро 2016” тэмцээнийг дамжуулах онцгой эрхийг авсан мэдээг өчигдөрхөн сонслоо. Онцгой эрхүүдийг авна гэдэг их том ажил байсан байх?
-Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том хоёр тэмцээнийг МҮОНРТ-ээрээ шууд дамжуулахаар болж байна. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг цаг үетэйгээ нийцэж, бүх зүйлд мэдрэмжтэй хандах ёстой. Тиймээс хамгийн олон үзэгчийг татдаг, хамгийн үнэтэй спортын маш том тэмцээнүүдийг шууд дамжуулах онцгой эрхийн төлөө дэлхийн бүх хэвлэл мэдээлэл өрсөлддөг. Манай Монголын бүх телевизүүд энэхүү онцгой эрхийн төлөө өрсөлдсөн. МҮОНРТ-ийн хувьд өнгөрсөн жилээс бэлтгэл ажлаа хангаж, энэ жил нэлээд том өөрчлөлтүүдийг хийсэн. Хоёр сувгийнхаа нэгийг нь соён гэгээрэл, түүх, боловсролын чиглэлээр дагнасан болгож, нөгөөхийг нь мэдээ мэдээлэл, спортын чиглэлээр мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэдэг суваг болгож  өөрчилсөн. Яг энэ өөрчлөлттэй зэрэгцээд дөрвөн жилд нэг удаа болдог хоёр том арга хэмжээг шууд дамжуулахаар боллоо. Бид анхнаасаа энэ хоёр тэмцээнийг шууд дамжуулах эрхийг авахын төлөө тууштай тэмцсэн. Тиймдээ ч авч чадлаа. Мэдээж маш үнэтэй контентууд учраас маш их мөнгө төлж авч байгаа. Энэ мөнгийг бид өөрсдийн үйл ажиллагаагаараа босгох ёстой. МҮОНРТ-ийн 10 жилийн өмнө батлагдсан хуулиар бол нэвтрүүлгийг ивээн тэтгэхийг зөвшөөрсөн байдаг. Дээрээс нь өдрийн нийт эфирийн 2 хувьд зар сурталчилгаа оруулахыг зөвшөөрсөн. Тиймээс энэ боломжуудаа ашиглаад ийм сайхан контентуудыг үзэгчдэдээ хүргэх боломжийг эрэлхийлсэн. Ийм томоохон тэмцээн, наадам болж байхад бид огт өөр зүйл гаргаад байж болохгүй. Тэгэхээр бидний энэ жилийн гол хөтөлбөрийн бодлого бол ерөөсөө л спорт байсан. Спортыг үзүүлнэ гэх зорилго тавьсан түүндээ ч хүрлээ. Мэдээж эдгээрийг дамжуулахын өмнө сайн чанартайгаар хүргэх ёстой гэх зорилт бий. Тэрхүү чанартай байлгах асуудлыг бид оны өмнөөс шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн. Удахгүй “Монголын мэдээ” сувгийг HD-гээр дуу дүрсний өндөр нягтралтайгаар үзэгчдэдээ үзүүлэх боломж бүрдэх гэж байна.

-“Монголын мэдээ” сувгийг HD форматаар хүргэх ажил яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Оны эхнээс төлөвлөсөн ажлын хүрээнд энэ зургаадугаар сарын эхнээс “Монголын мэдээ” сувгийг HD болгохоор болсон. “Евро 2016” тэмцээний тоглолтууд зургаадугаар сарын 10-наас эхэлж, долоодугаар сарын 10-ныг хүртэл бүтэн сарын хугацаанд үргэлжилнэ. Тэгэхээр дэлхий нийтийн үзэгчдийг дэлгэцийн өмнө барьж байдаг энэ тоглолтыг Монголын үзэгчид “Монголын мэдээ” сувгаар HD форматаар үзэх боломжтой болж байгаа юм.

-HD формат руу бүрэн шилжихийн тулд техник технологийг бүрэн шинэчлэх шаардлагатай болно?
-Мэдээний суваг гэдэг бол илүү их мобайл байдаг. Өөрөөр хэлбэл, студид голдуу хөтлөлт, ярилцлага явагддаг. Бусад бүх сурвалжлага гадуур үүрэн камераар явагддаг гэж хэлж болно. Тиймээс ийм сувгийг HD формат руу шилжүүлэх их амархан байдаг. Камериа, компьютертэйгээ сольчиход үндсэндээ болчихно гэж ойлгож болно. Ер нь сүүлийн үеийн HD болсон сувгуудыг харж байхад ихэвчлэн мэдээ, мэдээллийн суваг байдаг. Үүнтэй холбогдуулан иргэдийн зүгээс бусад телевизүүд HD формат руу шилжчихээд байхад та нар яагаад шилжихгүй байна вэ гэх гомдлыг их ирүүлдэг. Тэгэхээр бид мэдээллийн сувгууд бол HD формат руу шилжихэд амархан байдаг юм аа гэдгийг “Монголын мэдээ” сувгийг HD болгосноороо харуулж байгаа юм. Харин үндсэн суваг маань HD болоход маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдана. Өөрөөр хэлбэл, 600, 150-ийн студи дэлхийн мэргэжлийн стандартаар хийгдсэн Монголдоо цор ганц. Үүний гэрлийн өргөх, буулгах механизмийг солих, түүнийг өргөдөг моторуудыг солих нь цогц шинэчлэлийг шаардаж байгаа юм. Тэгэхээр бид эхний ээлжинд мэдээний сувгаа HD формат руу шилжүүлж байгаа нь ямартай ч өөрчлөлт хийхийг зорьж байгаа үйл ажиллагааны илрэл. Том шинэчлэлийг хийхийн тулд заавал Улсын төсвийн хөрөнгө оруулалт юм уу, гадаад, дотоодын дэмжлэгтэйгээр хийх зайлшгүй шаардлага байна.

-Өнгөрөгч өдөр та өөрийн фэйсбүүк хуудсандаа МҮОНРТ энэ хоёр том онцгой эрхийг авахдаа төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй гэдгийг онцлон дурдсан байсан?
-МҮОНРТ үзэгчдээс сар бүр лицензийн төлбөр авдаг. Үүнийг манайхан анхнаасаа хураамж гээд буруу орчуулчихсан. Энэ бол оюуны бүтээлийг үйлдвэрлээд гадагшаа гаргаж байгаа төлбөр гэж ойлгож болно. Иргэд өдөрт нэг сонинг 1500 төгрөгөөр худалдаж авдаг. Гэтэл бид бүтэн сарын өдөр тутмын 17 цагийн контентийг телевизийн хоёр суваг, радиогийн 4 суваг, вэб сайтаараа үзүүлчихээд сард ердөө 1100 төгрөгийг айл өрхөөс авч байгаа. Үүнийг хурааж авч байгаа процесс маань бас үнэтэй. Цахилгаан түгээх сүлжээ компанид бид 25 хувийг нь үйл ажиллагааны зардал гээд тушаачихдаг. Ингээд бодоход бид маш үнэтэй контентуудыг маш хямдаар хүргэж байгаа гэж ойлгож болно. Улсын дэмжлэг бол манай үйл ажиллагааны 3/1-ийг эзэлдэг. Тэгэхээр үлдсэн 3/1-ийг хураамжаараа, бас 3/1-ийг нь хуульд заасан зар сурталчилгаа, ивээн тэтгэлэгээсээ олж байна. Энэ бол боломжийн орлого олж болох нөхцөл. Үүнийгээ зөв зүйлдээ, сайн контентэд зарцуулахын төлөө л ажиллах ёстой.

-Риогийн олимпийг дамжуулахад зориулж хөрөнгө босгох олон ажлыг зохион байгуулж байгаа. Энэ талаар яриач?
-Риогийн олимп бол сая долларын үнэтэй контент. Анх гэрээ хийж байхад тэрбум 300 сая байсан. Долларын ханшийн  өсөлтөөс шалтгаалж энэ дүн өссөн. Үүнийг олохын тулд ивээн тэтгэгчдийг олох гэж гүйхээсээ илүүтэйгээр энэ спортыг бүх нийтийн үйлс болгох, олимпизмийг сурталчлах, олон хүнд олимпийн үзэл санааг чиглүүлэх зорилгоор хүүхдүүдийн дунд гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах, албан байгууллагуудын дунд олимпийн бамбарын төлөөх бооцоот уралдааныг зохион байгуулах гэх мэтийн илүү спортлог арга хэмжээнүүдийг түлхүү явуулж байна. Тэгэхээр хөрөнгө босгох ажил маань бага, багаар урагшилж л байгаа.

-Шууд дамжуулалтын үеэр хэрхэн ажиллах вэ. Үзэгчдийн дунд томоохон тэмцээний тайлбарлагчаар хэн ажиллах бол гэх асуулт байгаа?
-Хөлбөмбөгийн хувьд хөлбөмбөгийг мэддэг, тайлбарладаг, мэргэжлийн хүмүүсийгээ урьж ажиллуулна. Хүмүүсийн дунд бид өөрсдөө л тайлбарлаад, гараад байх мэтээр ойлгодог буруу хандлага байдаг. Манайхан бол энэ шууд дамжуулалт дээр ерөнхий зохион байгуулагч  байна. Тиймээс арын албаны бүх ажлыг зохион байгуулна.

-Ярилцсанд баярлалаа.

Дашрамд дурдахад, “Рио 2016” наадам Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах бол “Евро 2016” тэмцээн Франц улсад ирэх зургаадугаар сарын 10-нд нээлтээ хийх билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ц.Оюундарь: “Рио 2016” наадам, “Евро 2016” тэмцээнийг МҮОНРТ онцгой эрхтэйгээр шууд дамжуулна  
Үзсэн: 1759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2016-05-17 14:10
shal hugiin ene tv ch utgagui boljihood bgaamdaa dan neg talig barisan nevtruuleg gargan ter dundaa dan emegteichuudin talig bairsan nevtruulge tulhuu gargdag boljihood bgaamdaa
Зочин [89.94.48.xxx] 2016-07-07 21:13
cackkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Бидэнтэй нэгдээрэй