Өчигдөр Йемен улсын хойд бүсэд байрлах цагдаагийн газрын гадаа дэлбэрэлт болсны улмаас 25 хүн амь үрэгдэж, 51 хүн хүнд, хөнгөн шархадсан байна. Энэ алан хядах ажиллагааг Исламын улс террорист бүлэглэл зохион байгуулсан болохоо интернетээр зарлажээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар өчигдөр Мукалла хотын цагдаагийн газар шинээр ажилтанууд элсүүлэн авах уралдаант шалгалт зарлаад байсан тул ажилд орох хүсэлтэй олон тооны хүмүүс цагдаагийн газрын гадаа цуглараад байхад дэлбэрэлт болсон нь олон хүний амь нас үрэгдэх гол шалтаг болсон байна. Йемен улсын хувьд иргэний дайнтай байгаа бөгөөд засгийн газрын тал, босогчидтой хамтран асуудлыг энхийн арга замаар шийдэхээр Кувейт улсад удаа дараа уулзсан боловч одоог хүртэл ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй байгаа.
Тиймээс Исламын улс террорист бүлэглэл хоёр талын яриа хэлэлцээнд саад хийх зорилгоор энэ алан хядах ажиллагааг явуулсан байх өндөр магадлалтайг судлаачид сануулж байна. Өнөөдөр Йемений ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади үндэсний төв телевизээр амь үрэгдсэн энгийн номхон иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд, террорист бүлэглэлийн энэ увайгүй алхам хэзээ ч зорилгодоо хүрэхгүй гэдгийг цохон тэмдэглэлээ. Түүнээс гадна нийт ард түмэндээ хандан цаашид алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд туслан хамтран ажиллахыг уриаллаа.
НҮБ-ын зүгээс Йемений засгийн газар болон босогчдын талд асуудлаа яаралтай энхийн арга замаар шийдэхийг шаардаж хатуу дарамт шахалт үзүүлж байгаа юм. Тус улсад гараад байгаа иргэний дайн нь алан хядагчдад энэ улсад ажиллаж, өөрийн үйл ажиллагаагаа явуулах суурь нөхцөл болж байгаа болохыг НҮБ-ын ажиглагчид сөргөлдөгч талуудад удаа дараа анхааруулаад байна.
| Йемен улсад 25 хүн амь үрэгдлээ | ||
| Үзсэн: 448 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.