Украины уламжлалт хувцас янз бүрийн гайхалтай шаглаа хээ, олон өнгийн гоёл чимэглэлээрээ алдартай. Тэгвэл саяхнаас дэлхийн загварын ертөнцөд Украины уламжлалт загварууд хүч түрэн орж ирж байгаа болохыг "Ассошиэйтед Пресс" агентлаг уламжиллаа. Энэ чиглэлийн хамгийн хүчтэй төлөөлөгчөөр Украины нэр загвар зохион бүтээгч Оксана Караванскаг дэлхийн загварын агентлаг нэрлэсэн байна.
Оксанагийн хувьд өөрийн орны уламжлалт хувцас загварыг орчин үеийн чиг хандлагатай нийлүүлэн дахин давтагдашгүй хувцсыг урладаг гэнэ. Тэрээр сэтгүүлчдэд хандан Украины үндэстний хувцас нь өөрөө маш гоёмсог хээ хуартай, биед эвтэйхэн, хөнгөн тул орчин үеийн залуучуудын бүхий л шаардлагыг хангасан болохыг цохон тэмдэглэлээ. Түүний загваруудын хувьд гайхалтай хээ угалзаар чимэглэгдсэн байдгаараа алдартай юм байна.
Шаглаа хээ угалз нь Украин хувцасны өөрийн нэрийн тэмдэг гэж үзэхэд буруудах зүйл байхгүй болохыг судлаач Людмила Булгакова онцоллоо. Судлаачийн үзэж байгаагаар хувцас, хэрэглэлээ хээ угалзаар чимдэг заншил анх Киевийн вант улс үүсэн байгуулагдаж байхаас эхэлсэн түүхтэй. Түүхийн урт удаан хугацаанд Украины шаглаа хээний уламжлал улам бүр баяжиж одоо нэг төрлийн соёл болтлоо хөгжсөн юм байна.
Украины үндэстний хувцас болох вишиванка цамцны хувьд чанар хийцээсээ хамаарч янз бүрийн үнэтэй байдаг бол үйлдвэрийн аргаар хийгдсэн ийм цамц монгол мөнгөөр дунджаар 40 мянган төгрөгийн ханштай байдаг нь хүн болгон авч өмсөх боломжийг олгодог гэнэ. Оросод баригдсан Украины нисгэгч Надежда Савченко шүүх хурлынхаа үеэр вишиванка өмсөж өөрийн үндсэрхэг үзлийг харуулж байсан юм.
| Украины уламжлалт шаглаа хээг дэлхийн загварын ертөнцөд өргөн ашиглах болжээ | ||
| Үзсэн: 4928 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.