Шууд Chart

Өнөөдөр Олон Улсын музейн өдөр

2016-05-18 14:39:30

Өнөөдөр олон улсын музейн өдөр. 1977 оноос эхлэн дэлхийн улс орнуудад энэ өдрийг тэмдэглэх болжээ. Тодруулбал,  Москва  хотноо болсон Олон Улсын Музейн  Нэгдсэн Ассамблей /ОУМНА/ -аас  жил бүрийн  тавдугаар сарын  18-ныг Олон Улсын Музейн өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байна. Харин 1992 онд  ОУМНА энэ  өдрийг  тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулах  санаачилга гаргасан билээ. 

Энэ жилийн тухайд  "Музей  ба соёлын  ландшафт" сэдвийн дор  энэ өдрийг тэмдэглэхээр  тогтсон  байна.  Олон улсын музейн  өдрийг  хамгийн анх 1978 онд  хэдхэн  улс орон л тэмдэглэж  байсан  байна.  Гэвч  жилээс жилд энэ  өдрийг тэмдэглэх улс орнуудын тоо нэмэгдсээр  байна.  2007 онд  нийт 70 орон, 2014 онд  145 орны 35 мянган музей  олон улсын музейн  өдрийг тэмдэглэж  байжээ. Харин  өнгөрсөн  онд  энэ баярыг  150 гаруй улсад өргөнөөр  тэмдэглэжээ.  Энэ өдрөөр шинэ үзэсгэлэн нээх, их наадам,  лекц,  хүүхдүүдэд  зориулсан тусгай  хичээл,  музейн театрчилсан тоглолт гээд олон арга хэмжээг  улс орнууд зохион байгуулдаг  байна.  Мөн  дэлхийн ихэнх музей  энэ өдөр  үзэгч  олонд  үнэ  төлбөргүйгээр үйлчилдэг болжээ.  

Сүүлийн жилүүдэд   "Музей  дэх шөнө"  нэртэй  арга хэмжээг  олон улсын музейн өдрөөр зохион байгуулдаг болсон байна. Олон улсын музейн  өдрийг  тэмдэглэх нь  нийгэм дэх музейн  ач  холбогдлын талаарх  олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой.  Гол нь   дэлхийн улс төр,  урлаг соёл гээд   хүн төрөлхтний  түүхтэй  хүүхэд  багачуудыг  танилцуулах  зорилготойг мэргэжилтнүүд тэмдэглэдэг  юм.  Музей  бол нийгмийн  хөгжлийн  тодорхой үе  шат бүрт  бүтээгдсэн  материаллаг болон оюун санааны  соёлын дурсгалуудыг  цуглуулж  хадгалдаг  сүм гэсэн тодорхойлолт  ч байдаг. 

Дэлхийн  хэмжээнд  ойролцоогоор  100 гаруй мянган  музей  байдаг  гэгддэг.  Гэхдээ  бүх музейг нэгтгэсэн  тоо баримт  байдаггүй  юм байна.  Үүний зэрэгцээ дэлхийн хамгийн  алдартай музейн тоо  8 мянгад  хүрдэг  гэдэг баримт байна.  Хамгийн алдартай нь Парисын  Луврийн музей. Асар баялаг  үзмэртэй  тус музей 1783 онд байгуулагджээ. Харин  Лондон  дахь  Британийн музейг  дэлхийд  томоороо 2-рт  бичигддэг  гэж үздэг.  Энэ музей Лувраас ч өмнө буюу 1853 онд байгуулагдсан  аж. Урлаг, соёлын  өлгий гэгддэг  ОХУ-ын хамгийн  алдартай музейн  нэг бол  1856 онд  байгуулагдсан  Третьяковийн  галерей. 

Мөн  1852 онд  одоогийн  Санктпетербург хотод байгуулагдсан  ОХУ-ын  төдийгүй  дэлхийд алдартай музей  бол   Эрмитаж  юм.   Энэ музейн түүх   Оросын хатан хаан II Екатеринагийн хувийн  цуглуулгаас  эхтэй. Үүний  зэрэгцээ  дэлхийд  алдартай музейнүүдийн тоонд Нью-Йоркийн Метрополитен,  Мадридын Прадо, Каирын  Археологийн музей  багтана.  Ер нь  музейгүй  улс орон битгий хэл музейгүй  суурин гэж  бараг байхгүй.  Жижигхэн  суурин ч  түүх,  хөгжлийн үе  шатыг нь харуулсан   музейтэй  байдаг.  Дэлхийн улс орнуудаас  Испанийн музей  хамгийн  их үзэгчтэйд  тооцогддог  статистик мэдээлэл ч  байдаг  байна.

Орчуулсан:  Б. Түвшинжаргал

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр Олон Улсын музейн өдөр   
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй