Шууд Chart

Хоёр эвслээс 31, бие даагчдаас дөрвийг нь нэр дэвшигчээр бүртгэлээ

2016-05-24 16:05:03

Нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн ирүүлсэн холбогдох бичиг баримтыг шалгаад бие даан нэр дэвшигчийн 19 материалыг шаардлага хангаагүй. Харин Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Нийслэлийн Сонгуулийн хорооны энэхүү шийдвэрийг алдаатай байна гэж зарим бие даагч, эвслүүдээс гомдол гаргаад байсан. Тэгвэл Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр дахин хуралдаж, 19 бие даагчаас тавыг нь, хоёр эвслээс нэр дэвшсэн 37 иргэнээс 31-ийг нь бүртгэх шийдвэрийг гаргасан тухай өнөөдөр мэдээллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, хоёр эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчид нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлж, шаардагдах материалаа илгээсэн. Тэднээс Эх орончдын нэгдсэн эвслээс иргэн С.Рэнчинпагмыг нэр дэвшүүлсэн тогтоолд нэр нь байгаагүй, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс дэвшсэн Т.Нямбатын нас хүрээгүй, Ш.Цэцгээ, Б.Санжаажав нарын баримт бичгийн бүрдэл дутуу, М.Төрбаяр, О.Базарваань нарын баримт бичиг ирээгүй гэсэн шалтгаанаар нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501-ээс доошгүй байгаа Ундрахбилэгийн Даваажав, Өөлдийн Мөнхбат, Солооны Энхбаяр, Адилбишийн Туяабаатар нарыг нэр дэвшигчээр бүртгэж авах шийдвэрийг нийслэлийн Сонгуулийн хороо гаргасан байна.  

Харин бусад нэр дэвшигчийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүйн улмаас бүртгэх үндэслэлгүй гэж үзжээ. Тухайлбал, бие даан нэр дэвшигч Б.Нарангаваа нь Сонгуулийн тухай хуулийн 157.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуугаас гадна нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг огт ирүүлээгүй учир хуульд заасны дагуу бүртгэх боломжгүй болжээ. Мөн дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтийг дахин магадлан шалгахад 14 бие даагч хуулийн шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж нийслэлийн Сонгуулийн хороо үзсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр эвслээс 31, бие даагчдаас дөрвийг нь нэр дэвшигчээр бүртгэлээ  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй