Шууд Chart

Хүнсний үйлдвэрүүд дотооддоо лабораторитой болох хэрэгтэй

2016-06-06 17:48:01

Өнгөрсөн сард эклерээс болж 100 гаруй хүн хордлого авч, 70 гаруй нь эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай явдал нийслэлд гарсан. Хүнсний эрүүл ахуйн стандарт зөрчигдвөл ямар аюул эрсдэл дагуулдаг нь ойрын жишээнээс ингэж харагдаж байна. Тэгвэл энэ эрсдлийг бууруулах чиглэлээр  НМХГ-ын төв лабораторид өнөөдөр үйлдвэрлэгчдэд чиглэсэн сургалт зохион байгууллаа.

Нарийн боов, кремтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд зориулсан энэ сургалтад 40 орчим аж ахуйн нэгж, иргэд хамрагдлаа. Дулааны улирал эхэлсэн учир яг энэ төрлийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал алдагдах эрсдэл нэмэгддэг учир тусгайлан энэ чиглэлийн сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Манай улсад нарийн боовны үйлдвэр, цехүүд том, жижиг олон янз байгаа. Зарим нь дэргэдээ дотоод хяналтын лаборатори байгуулах боломжгүй, хөрөнгө санхүүгийн бэрхшээл байна гэдэг ч энэ бол хүнсний үйлдвэрлэл, хүний эрүүл мэнд амь настай шууд холбоотой асуудал яригдах учир зайлшгүй лаборатори байгуулах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Үйлдвэрлэгчид ч үүнд санал нэгтэй байна.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн бүрийг эрүүл ахуйн стандарт шаардлагын талаар мэдлэг мэдээлэлтэй болгох хэрэгцээ шаардлага байгаа. Үүнд төрийн байгууллагаас гадна иргэд өөрсдөө санаачилгатай хандвал мэдээлэл авах бүх суваг нээлттэй гэдгийг НМХГ-ын төв лабораторийн мэргэжилтнүүд хэлж байна. Ингэж хоёр талаас ойлголцол хамтын ажиллагаагаа сайжруулж чадвал хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах бүрэн боломжтой юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүнсний үйлдвэрүүд дотооддоо лабораторитой болох хэрэгтэй   
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй