Шууд Chart

Хуурамч диплом, үнэмлэх гаргуулах боломжгүй

2016-06-08 14:53:45

Монгол Улсын боловсролын тогтолцоо шилэн хэлбэрт шилжлээ. Ингэснээр хүүхдийн бүртгэлийг давхардуулан урсгал зардал илүү тооцуулдаг, танил талаа ашиглан хуурамч диплом, үнэмлэх гаргуулдаг асуудалд цэг тавьж байгаа юм. Мөн Улаанбаатар хотод сурч байгаа болон хязгаар нутгийн сурагчид яг ижилхэн боловсролын үйлчилгээг авах тэгш боломж бүрдэж байна.

Гуравхан жилийн өмнө хоёр болон түүнээс дээш сургуульд бүртгэгдсэн 15 мянган сурагчийн давхцал байсныг цахим тогтолцоо халж чадсан. Үүний үр дүнд 2015 онд нийт 10 тэрбум төгрөгийн үргүй зардлыг хэмнэж чадсан байна. Харин босго оноондоо хүрээгүй элсэх журам зөрчсөн 1450 тохиолдлыг илрүүлж, нэг тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ.

Боловсролын салбарын бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжсэнээр хүүхдийн сурах үйл явцын талаар эцэг эх, багш, сургуулийн удирдлагууд, яамны мэргэжилтнүүд нэгдсэн нэг мэдээлэлтэй болно. Мөн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 758 сургуулийн сургалтын чанар нэг түвшинд очно. Энэ бол боловсролын салбарыг цахимжуулж байгаа хамгийн чухал үр дүн юм.

2016 оны хичээлийн жилээс алслагдсан сумдын сургуулиуд ч боловсролын яамны цахим сүлжээнд холбогдоно. Мөн эцэг, эхчүүд гар утсаа ашиглан  хүүхдийнхээ хичээлийн явц, ирц, идэвх, бие даалт гээд бүх мэдээлэлтэй танилцах боломж бүрдэнэ.

Мэдээлэл технологийн компаниуд 60-80 тэрбум төгрөгөөр бүтэх байсан мэдээллийн нэгдсэн тогтолцоог салбарын яам нь 10 тэрбум төгрөгт багтаан шийдсэн. Энэ бол дэлхийн олон улсаас боловсролын системээ бүрэн цахимжуулж чадсан бараг анхны тохиолдол болж байгааг салбарынхан онцолж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуурамч диплом, үнэмлэх гаргуулах боломжгүй  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй