Нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн 460 гаруй цэцэрлэг, 100 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийслэлийн сургууль, цэцэрлэгийн ачааллын 50-80 хувийг хувийн өмчийнхөн үүрч байна гэсэн үг. Гэвч тэдэнд улсаас хангамж байдаггүй, хувьсах зардлын мөнгө өгдөггүй, ажилчдын нийгмийн асуудалд төрөөс анхаардаггүй нь төлбөрөө өндөр тогтоох, ажилчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх зэрэг хүндрэл дагуулдаг тухай салбарынхан учирлаж байна.
Өнөөдөр нийслэлийн боловсролын газраас хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчид, удирдах ажилтнуудын санал бодлыг сонсож, хамтран хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах хурлыг зохион байгууллаа. Хурлын үр дүнд хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдэх боломж нөхцөлийн тухай хэлэлцэх юм. Үүний дараа Нийслэлийн боловсролын газраас төрийн өмчийнхөнтэй яг ийм уулзалт хийхээр төлөвлөж байна.
Цэцэрлэг хүртээмжгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг ч шинээр цэцэрлэг барьж байгуулъя гэхээр төрийн зүгээс дэмжлэг их дутагддаг гэж хувийн хэвшлийнхэн хэлж байна. Мөн хувийн цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардлын мөнгө өгдөггүй нь төлбөр өндөр байх нэг шалтгаан болдог тухай тайлбарлалаа.
Боловсролыг ямар ч хүүхдэд ялгаваргүй олгох ёстой. Гэхдээ төрийн, хувийн гэсэн нэрийн цаана боловсролыг ялгавартай олгох орчин бүрдээд байгаад салбарынхан шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа багш, ажилчдын нийгмийн халамж ч өөр өөр байгаа нь нэг салбарыг хоёр хуваах үндэс болж байна гэж тэдний төлөөлөл ярьж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Цэцэрлэгүүдийн 80 гаруй хувь нь төрийн бус өмчийнх байна | ||
| Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.