Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 93 мянган хүүхэд байдаг. Тэднээс 10 мянга гаруй нь тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс хүүхдийн хөдөлмөрийг устгаж, тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлэхийг хориглоход шат бүртээ хяналтаа сайжруулж, нэгдсэн цогц хэлбэрээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд үзэж байна.
Өнгөрсөн жил барилга дээр ажиллаж байсан 13 настай хүү шороонд даруулан нас барсан хэрэг гарч байсан. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд зургаан хүүхэд хурдны морь унаж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ мэтчилэн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг олон эрсдэл хүлээж байдаг байна.
Нийт хөдөлмөр эрхэлж байгаа 93 мянган хүүхдийн 80 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Тэднийг яг л ийм эрсдэл хүлээж байдаг. Тиймээс Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, эрсдэл өндөртэй салбарт хүүхэд ажиллуулахыг хоригложээ.
Хориглосон тушаал гараад л хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг шийдэх боломж байхгүй. Тиймээс Засгийн газраас эхлээд хүүхдийн байцаагч хүртэл уялдаа холбоотой цогц үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Мэргэжлийн хяналтын ганц байцаагч хаанаа ч хүрэхгүй учир Хүүхдийн эрхийн шинэ хуулиар бий болсон хүүхдийн эрхийн байцаагчийг энэ ажилд оролцуулах хэрэгтэй болжээ.
Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад Монгол Улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүний гол шалтгаан нь ядуурал. Тиймээс хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхгүй гэж хориглохоос гадна зорилтот бүлгийн эцэг, эхчүүдийг ажлын байранд зуучлах, гэр бүлийн орлогыг нь нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хийхээр төлөвлөж буй юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| 10 мянган хүүхэд тэвчишгүй, хүнд хөдөлмөр эрхэлж байна | ||
| Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.