Шууд Chart

Барааны гарал үүслийн дүрмийг хэрэгжүүлэх хугацааг сунгалаа

2016-06-13 15:51:39

Засгийн газраас “Барааны гарал үүслийн дүрэм”-ийг хэрэгжүүлэх хугацааг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр өөрчлөх  шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн импортын бараанд хөнгөлөлттэй, нэн тааламжтай, ердийн тариф хэрэглэх тухай заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын өнгөрөгч хоёрдугаар сарын 15-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор “Импортын барааны гарал үүслийн дүрэм”-ийг баталсан. Тогтоолын дагаж мөрдөх хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр байхаар тогтоосон боловч импортын барааны гаалийн тарифуудыг мөрдөхөд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж.

Тухайлбал, нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад ороогүй улсуудын гарал үүсэлтэй бараанд ердийн тариф хэрэглэх бөгөөд энэ нь нэн тааламжтай тарифаас хоёр дахин их байх тул зарим иргэд үүнийг татвар өссөн мэтээр буруу ойлгож байна. Нэн тааламжтай тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон улсын гарал үүсэлтэй боловч гарал үүслийн гэрчилгээгүй бараанд ердийн тариф хэрэглэх “Гарал үүслийн гэрчилгээ” аваагүй, авч амжаагүйгээс гаалийн татвар нь хоёр дахин их болж тооцогдох юм. Мөн гадаад улс орны эрх бүхий байгууллагаас гарал үүслийн гэрчилгээ олгодог хугацаа харилцан адилгүй байгаа зэрэг хүндрэл үүсч байгаа тул гадаад худалдаа эрхлэгчид гаалийн тарифын талаар тодорхой ойлголттой болох, барааны гарал үүслийн гэрчилгээ авах хугацаа олгох үүднээс тогтоолын хэрэгжүүлэх хугацааг сунгаж, 10 дугаар сарын 1 болголоо.


Барааны гарал үүслийн дүрмийг хэрэгжүүлэх хугацааг сунгалаа  
Үзсэн: 2201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй