![](/uploads/201606/news/thumb/4831d361ed95bd65c044e1fc3973de0c_x3.jpg)
Монголбанк, "Тэнхлэг зууч" компанитай хамтарч хийдэг орон сууцны үнийн индексийг өнөөдөр танилцууллаа. Cудалгаанаас үзэхэд хуучин орон сууцны үнэ тогтмол буурсаар байна. Харин шинэ орон сууцны үнэ тогтворжиж, энэ зун үнэ нь бага зэрэг өсч магадгүй байгааг судлаачид хэллээ.
Өнгөрсөн тавдугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ метр кв нь 2 сая 40 мянган төгрөг байсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ зун шинэ орон сууцны үнэ буурахгүй. Харин бага зэрэг өсөх магадлалтай байгааг “Тэнхлэг зууч” компанийн судлаачид хэлж байгаа юм. Учир гэр хорооллын бүсэд орон сууцны зээлийг 5 хувь болгож бууруулах шийдвэр гарсан нь ингэж нөлөөлсөн хэмээн тэд үзэж байна.
Харин хуучин орон сууцны үнэ тогтмол буурчээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт хуучин хоёр өрөө байр дунджаар 80 орчим сая төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ нь өмнөх сарыхаас 0.2 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар буурсан үзүүлэлт юм. Хөндлөнгөөс хийсэн судалгаанаас үзэхэд цаашдаа хуучин орон сууцны үнэ улам буурна гэсэн таамаглал байна. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд барилга барьж байгаа компаниудад арилжааны банк бага хүүтэй зээл өгөхөөр болсон. Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд, барилгын компаниудад банк хоёр жилийн хугацаанд 9-11 хувийн хүүтэй зээл олгохоор болсон юм. Ингэснээр шинэ орон сууц олноор баригдаж, хуучин орон сууцны эрэлт хэрэгцээ багасна гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт баригдсан орон сууц хамгийн өндөр үнэтэй байгаа бол СХД-т хамгийн хямд буюу байрны метр кв талбай дунджаар сая 400 гаруй мянган төгрөг байна. Цаашдаа орон сууцны үнэ огцом өсөхгүй, тогтвортой байх хандлагатай байгааг "Тэнхлэг зууч" компанийнхан танилцууллаа.
Хуучин орон сууцны үнэ буурсаар байна | ||
Үзсэн: 2411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.