![](/uploads/201606/news/thumb/bf02f4323ebfdfbd47555b797bfa6556_x3.jpg)
Энэ жил инфляцийн түвшин харьцангуй тогтвортой байгаа бол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өмнөх жилүүдээс илүү алдагдалтай гарч байгааг статистикийн байгууллагаас танилцууллаа. Энэ оны эхний таван сарын байдлаар манай улсын төсвийн орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй хэмжээнд байгаа бол зарлага нь 21 хувиар давсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын байдлаар манай улсын нэгдсэн төсөв 887 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард манай улсын нэгдсэн төсөв 664 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Харин нэг сарын дараах статистик үзүүлэлтээр энэ тоо 220 гаруй тэрбумаар нэмэгдэж, улсын нэгдсэн төсвийн алдагдал өссөн байна. Энэ нь төсвийн орлого хумигдаж байхад зарлага өндөр байгаатай холбоотой. Тэр дундаа цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эм бэлдмэл, хангамжийн материал, томилолт зэрэг урсгал зардлын хэмжээ 17 орчим хувиар нэмэгдсэн нь зарлага өндөр гарах гол шалтгаан болжээ.
Харин гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оноос ашигтай гарсан таатай мэдээ байна. Тодруулбал, манай улсын гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний таван сард 442 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний таван сард 602 сая ам.долларын ашигтай гарчээ. Гадаад худалдаа нэмэгдэхэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өндөр хэвээр байгаа нь нөлөөлжээ. Гэхдээ манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлох үнэ хямд байгаа нь энэ салбараас олох орлогын хэмжээг бууруулж байна гэж статистикийн албаныхан тайлбарлалаа.
Үүнээс гадна оны эхний таван сарын байдлаар чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өндөр хэвээр байна. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нийт зээлийн 17 орчим хувийг дангаар эзэлж байна. Тодруулбал, зээлээ төлж чадахгүй 90 хоногоос хэтрүүлж, чанаргүй зээлдэгч болсон иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
Улсын төсөв 887 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа | ||
Үзсэн: 2407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.