Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн цагийн өмнө Төрийн ордонд хийсэн мэдэгдэлдээ “Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болж байгаа” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан бид Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхонтой ярилцлаа.
-Худалдаа хөгжлийн банк энэ мэдэгдэлтэй яагаад холбогдох болов. Олон нийтийн дунд ийм асуулт маш их байна?
-Юун түрүүнд мэдэгдэхэд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талын үйлдвэр болсон гэдгийг дуулгая. Монгол үйлдвэр болгох бүхий л гэрээ хэлэлцээр дууссан. Худалдаа хөгжлийн банкны хувьд гэрээ, хэлцэлийг хуулийн дагуу олон улсын стандартад нийцүүлсэн байх, санхүүжилтийг бий болгох зэрэгт бүрэн хэмжээний зөвлөхийн үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэхээр олон жилийн туршлагатай, гадаад зах зээлд цорын ганц үйл ажиллагаа явуулдаг, бонд гаргадаг, олон улсын аудит, рейтингтэй банк учраас Орос, Монголын талаас аль алинаас нь санал ирсний дагуу бид зөвлөхөөр болсон юм.
-“Эрдэнэт” үйлдвэрийг Монголд шилжүүлснээр Оросын талд ямар ашигтай юм бэ. Ямар нэгэн далд ашиг сонирхол байна уу?
-Энэ төрлийн гэрээ хэлэлцээр ОХУ төдийгүй дэлхий даяар байнга хийгдэж байдаг. ОХУ-ын хувьд сүүлийн хэдэн жил Улсын үйлдвэрүүдийг, Улсын үйлдвэрлэлд байгаа гадаадын өмчүүдийг хувьчлах, хөрөнгө оруулагчдад худалдан борлуулах бодлогыг идэвхтэй явуулж байгаа. Олон улсад нээлттэй явагддаг энэхүү ажиллагааны хүрээнд ОХУ-ын Ростех компани 49 хувиа, “Эрдэнэт” үйлдвэр “Монросцветмент” зэрэг хоёр компанийн хувьцааг худалдаалах шийдвэр гарсан. Монголын талаас хувьцаа эзэмшигч нь “Монголын зэс” корпораци буюу Монгол эзэнтэй үндэсний компани байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монгол үйлдвэр болсноор манай талд ямар ашигтай юм бэ?
-Эдийн засаг дахь үр өгөөж маш их. Тодруулбал, энэ үйлдвэрийн бүх хөрөнгө, мөнгө гадаад руу урсдаг байсан бол одоо 100 хувь Монгол Улсад үлдэнэ гэсэн үг. Төсөвт орох орлого болоод экспорт нэмэгдэнэ гэх мэтээр эдийн засгийн давуу тал бий болно. Энэ хоёр үйлдвэрийг Монголын талд авах асуудал өмнөх Засгийн газрын үед ч маш их яригдаж байсан. Мэдээж аливаа гэрээ хэлэлцээрт цаг хугацаа, нийгмийн орчин гэх мэт зүйлс нөлөөлдөг. Тэрхүү зүйлс маань сая л бүрдлээ гэж ойлгож болно. Оросын талаас энэхүү үйлдвэрийг монголын талд шилжүүлсэн асуудалд маш эерэгээр хандаж, талархаж байгаа.
-Танай банкны хувьд зөвлөх үйлчилгээгээ сайн үзүүлсэн гэж дүгнэж байна уу?
-Бидний хувьд олон улсын стандартын дагуу байх талаас нь болоод санхүүжилтийг бий болгох талаас нь зөвлөж хамтарч ажилласан. Гол гэрээ, хэлэлцээрийг бол “Монголын зэс” корпораци хийсэн. Худалдаа хөгжлийн банкаас гадна олон улсын хуулийн компани, аудит, үнэлгээний байгууллагууд ч оролцсон. Хэлэлцээр нууцаар юм уу, гэнэт хийгдсэн зүйл биш. Маш их хугацаанд яригдаж, олон гэрээ хэлэлцээр явагдсаны үндсэн дээр саяхан буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын уулзалт дээр үзэглэгдсэн байгаа. Энэ нь сонгуулийн үетэй таарчихлаа. Ингэж таараагүй бол энэ монголчуудын хувьд маш баярт мэдээ юм. Ер нь хоёр улсын хэмжээнд яригдсан ийм том асуудал хууль зөрчсөн байна гэж байхгүй л дээ. Энэ бол түүхэн үйл явдал.
-Төлбөрийн хувьд ямар тохиролцоонд хүрсэн юм бэ?
-Сонгуулийн дараа албан ёсоор мэдээлэл хийж, олон нийтэд мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа. Яагаад гэхээр хэлэлцээр дууссан ч энэхүү асуудлыг улстөржүүлмээргүй байгаа учраас сонгуулийн дараа мэдэгдэл хийхээр төлөвлөсөн.
-Ярилцсанд баярлалаа.
| О.Орхон: “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол компанид шилжүүлсэн | ||
| Үзсэн: 7584 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.