Шууд Chart

“Багануур” ХК-ийн хувьцааг арилжиж эхэллээ

2016-07-04 16:23:08

"Багануур" хувьцаат компани нэмэлт хувьцаагаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалж эхэллээ. Нэмж гаргасан 9.8 сая хувьцаанаас 26.2 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн бөгөөд энэ хөрөнгөөр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдээ худалдан авч, хүчин чадлаа сайжруулна. Ингэснээр нүүрсний үнэ уначихсан байгаа өнөөгийн нөхцөлд ашигтай ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж компанийн удирдлагууд үзэж байна.

"Багануур" компанийн хувьцааг арилжаалах нээлттэй худалдаа өнөөдөр 11:00 цагаас эхэллээ. Олон нийтэд санал болгож байгаа нэгж хувьцааны үнийг 2650 төгрөг байхаар тооцсон байна. Мөн нэмж гаргасан 9.8 сая хувьцааг эхний ээлжинд "Багануур" компанийн хувьцаа эзэмшигчдэд санал болгож, үлдсэн хэсгийг нь олон нийтэд нээлттэй байдлаар арилжаалахаар болжээ.

9.8 сая нэмэлт хувьцаа арилжаалагдсанаар тус компанийн 75 хувийг эзэмшдэг байсан төрийн оролцоо 51 болж буурна. Энэ нь компанийн засаглалыг нэмэгдүүлж ашигтай ажиллах суурь болно гэж удирдлагууд нь харж байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан ч "Багануур" хувьцаат компанийн борлуулалт гурван жил дараалан өсч, нийт 35.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувийг дангаараа хангасан хэвээр байна. Цаашид ч дотоодын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа нь компанийн хувьцааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлжээ.

"Багануур" хувьцаат компанийн нэмэлт хувьцааг хоёр өдрийн турш Монголын хөрөнгийн биржээр арилжаална. Хувьцаа зарагдахгүй үлдсэн тохиолдолд "Андеррайтер" компани тухайн үнэт цаасыг гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авахаар баталгаа гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Багануур” ХК-ийн хувьцааг арилжиж эхэллээ  
Үзсэн: 2670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй