Шууд Chart

Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн гомдол буурчээ

2016-07-05 15:20:24

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг санаачилж УИХ-аар батлуулсан. Энэ хуулиудын хэрэгжилт орон нутагт хэрхэн хангагдаж байгаа болон үр дүн нь шүүх байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар манай сурвалжлах хэсэг Төв аймгаас мэдээлэл бэлтгэж ирсэн байна.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүн таслах ажиллагаа болон шүүхийн захиргааны үйл ажиллагааг тусад нь салгаж өгсөн. Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг ч тусгаарласан нь шүүгчийг мэргэшүүлэх тал дээр ач холбогдолтой зүйл болсон гэдгийг шүүгч нар хэлж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд шүүх хурлын үйл ажиллагааг иргэн хяналтын камерын тусламжтайгаар харж хянах боломжтой, дүрс бичлэгээс ухрааж үзэх, бичлэгийг хуулж авдаг болсноор шүүн таслах үйл ажиллагаа илүү нээлттэй ил тод болсон. Алслагдсан суманд байгаа иргэн хэрэг маргаанаа шийдүүлэхийн тулд өмнө нь заавал хэдэн зуун км замыг туулж шүүхийн танхимд ирж байж мэдүүлэг өгдөг байсан. Үүнийг шинэ хуулийн дагуу өөрчилж цахимаар мэдүүлэг өгөх боломжтой болсон зэрэг зохион байгуулалт, дэд бүтцийн шинэчлэлүүдийг хийснээр шүүх байгууллага иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бололцоо нэмэгдсэн байна.

Шүүгч эдийн засгийн хувьд нөлөөнд автахааргүй, цалин хангамж сайтай байх хэрэгтэй гэж үздэг. Үүнийг дагаад хариуцлага ч өндөрсөнө. Гадны улс орнуудад шүүгчийн цалин хэдэн арван мянган доллараар хэмжигддэг. Харин манай улсад шүүгч сая хүрэхгүй төгрөгийн цалин авдаг байсан бол одоо улсын байгууллагын ажилчдаас хамгийн өндөр цалинг шүүгч нар л авч байгаа. Шинэ хуулийн дагуу гэрч хохирогчийг хамгаалах шүүгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүрэг бүхий Тахарын алба байгуулагдсан нь шүүн таслах үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулсан ач холбогдолтой ажил болсон гэж шүүгч нар үзэж байна.

Хэрэг маргаан бүрийг шийдүүлэхийн тулд иргэд шүүхэд хандах шаардлагагүй, зарим тохиолдолд эвлэрүүлэн зуучлах замаар шийдүүлэх боломжтой болсон. Ингэснээр шүүгчийн ачаалал багасч нэг хэрэг дээр нухацтай ажиллаж, бодитой дүгнэлт гаргах боломж бололцоо нь нэмэгджээ. Шүүхийн багц хуулиуд хэрэгжиж эхэлснээр иргэдээс ирдэг гомдол мэдээллийн тоо эрс буурсан гэдгийг Төв аймаг дахь шүүхийн ажилтнууд хэлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн гомдол буурчээ  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй