Аравдугаар сарын хоёр дахь 7 хоногийн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна. “Шинэчлэлийн засгийн газар зүрх, сэтгэл гаргаж төсвөө буулгая, зардлаа багасгая гэж зорьж, зардлаа танасан төсөв өргөн барьсан гэдгээ хэвлэлийнхэнд дуулгасныг онцлов. 2014 онд 7,4 их наяд төгрөгийн зардал гарна гэж тооцоо хийсэн ч 7,2 их наяд буюу төлөвлөснөөсөө 200 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна.
Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлийн барилга 17 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр эхэлсэн ч өнөөдөр 31 тэрбум төгрөг болчихоод байна. Зэргэлдээ гурван суманд сургууль барихад барилга тус бүр тэрбум төгрөгийн зөрүүтэй болжээ. Энэчлэн тэрбум төгрөгийн нарийвчлалтай болсон жишээ олон байна.
Ийм замбараагүй байдлыг цэгцэлж, төсөв зардлаа хянах бололцоо байгаа. Хэвлэл мэдээллийнхэн төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа ийм үйлдэлд хяналт тавьж ажиллаарай” гэж Ерөнхий сайд зөвлөсөн юм. Гэхдээ засгийн газар бүгдийг хэмнэх бодлого бариагүй. Цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлтөд анхаарч, 200 тэрбум төгрөг суулгасан.
Хүүхдийн 20 мянган төгрөг, оюутны 70.000 тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно. Улс орны чанартай шинэ хөрөнгө оруулалтуудад хөрөнгө гаргана гэж сайд мэдэгдсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд Швейцарийн Женев хотноо Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 129 дүгээр Ассамблейд оролцож байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Бакей, Д..Батцогт, Б.Сарангэрэл нар багтсан юм. Их Хурлын дарга энэ үеэр БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга хатагтай Мэйра Кумар, Австрали Улсын парламентын Дээд танхимын дарга ноён Жон Хогг, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн ноён Үэсүги Мицүхиро нартай тусгайлсан уулзалтууд хийж мөн Турк улсад айлчиллаа. Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Ингээд Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж нар томилогдон юм.
Харин Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татлаа. Хятадын Тяньжин хотноо болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид одоогийн байдлаар 3 мөнгө, 11 хүрэл медаль хүртээд байна. Мөн АНУ-ын Лос Анжелос хотод болж буй Жиү Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улс хоёр алтан медаль авсан амжилттай явна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны нэрэмжит сангийн 10 жилийн ойн хүрээнд Н.Норовбанзад болон хань зохиолч, сэтгүүлч Н.Банзрагч нарын гэр музейг тус сангийн байранд нээлээ. Сангийн зүгээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд энэ сарын 10-ны өдрийг уртын дууны өдөр болгох саналыг хүргүүлснийг онцлов. Нийгмийн хамарсан үйл явдлын тухайд шатахууны үнийг 50 төгрөгөөр дур мэдэн нэмсэн нефть импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ хуучин үнээр нь борлуулж эхэллээ.
ШӨХТГ-ын илгээсэн захидал болон ерөнхий сайдын эл үйлдэлд хийсэн дүгнэлт үг компаниудыг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой. Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс 12 уулзвар ашиглалтад оруулсан. Харин одоо нэмж зургаан уулзварыг засварласнаас гурвыг нь ашиглалтад өгч гурван өргөтгөлийн ажил дуусч, тэмдэг тэмдэглэгээ хийх ажилдаа орж байна.
Намрын эхэн дунд сарын онцгой асуудал болдог ургац хураалтын ажил эрчимтэй өрнөж байна. Ургацын төв штабын мэдээлснээр энэ сарын 10-ны байдлаар ургац хураалтын ажил үр тариа 80.3 хувь, төмс 90.7 хувь, хүнсний ногоо 94.3 хувьтай явагдаж байгаа аж. Энэ жил ургац хураалтын ажилд 1980 цэргийн албан хаагч, сонсогч 600 гаруй оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм.
MNB.MN - Энэ долоо хоногт онцлож байна | ||
Үзсэн: 2352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.