Умард Солонгос улс ойрын үед цөмийн бөмбөгийн туршилт хийж болзошгүй байгаа талаар Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Өнөөдөр Сөүл хотод болсон хэвлэл мэдээллийн бага хурлын үеэр батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч энэ мэдэгдлийг хийжээ. АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын албаныхан Умард Солонгосын баруун хойд бүс нутагт байрлах цөмийн зэвсэгийн Пунге-Ри цэргийн ангийг удаан хугацаанд ажигласны эцэст энэ дүгнэлтэд хүрсэн байна.
Тэдэнд байгаа мэдээллээр бол цөмийн туршилтыг хийх бэлтгэл ажил бүрэн хангагдсан тул Умардын их удирдагч Ким Чен Ун зохих тушаалыг өгөхөд туршилтыг хийхэд бэлэн байгаа бололтой. Умард Солонгос улс 2006 оноос хойш дөрвөн цөмийн бөмбөгийн туршилт хийгээд байгаа бөгөөд хамгийн сүүлийнх нь энэ оны 1 дүгээр сард болсон юм. Умардын тал цөмийн бөмбөгийн туршилт хийх болсныг Өмнөд Солонгос, Япон тэргүүтэй зүүн Азийн хэд хэдэн улсууд хүчтэй эсэргүүцэж байгаа юм.
Ялангуяа Америкийн холбоотонд тооцогддог Өмнөд Солонгос улс Умардаас ирж болзошгүй цөмийн цохилтоос өөрсдийгөө хамгаалахын тулд “ТХААД” загварын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг нутагтаа байрлуулах хүсэлтийг АНУ-д гаргаад байгаа. Гэхдээ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт шинэ загварын пуужингаас хамгаалах систем байруулах явдлыг Хятад улс хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь Хятадын батлан хамгаалах яам тус улсын газар нутагтай тун ойрхон зайд шинэ загварын пуужингийн систем байрлуулах нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн алхам болно хэмээн үзэж байгаа юм. Ямартай ч ойрын үед Умард Солонгос улс дахин цөмийн туршилт хийвэл Солонгосын хойгийн хямрал улам бүр газар авах нь тодорхой болоод байна.
| Умард Солонгос ойрын үед дахин цөмийн зэвсгийн туршилж хийж магадгүй | ||
| Үзсэн: 434 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.