Өчигдөр өглөө Умард Солонгос улс Япон тэнгис руу Скад загварын гурван пуужин харвасан байна. Пуужингууд Умард Солонгосын Гванхо бүс нутгаас орон нутгийн цагаар 5,45-6,45-ын хооронд хөөрсөн гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.
Богино зайн тусгалтай Скад загварын пуужингууд 500-600 километр зайг туулаад Япон тэнгист унасан байна. Пхеньяны энэ алхам нь шаардлагатай тохиолдолд Өмнөд Солонгосын аль ч бүс нутагт пуужингийн цохилт өгөх чадвартайгаа харууллаа хэмээн үзэх цэргийн шинжээчид цөөнгүй байгаа юм. Түүнээс гадна энэ сарын эхээр АНУ тэргүүтэй зарим орнууд Умардын их удирдагч Ким Чен Уны эсрэг авсан хориг арга хэмжээний хариуг ингэж өгсөн байх бүрэн боломжтой байна. Пхеньян тус улсын удирдагчийн эсрэг авсан арга хэмжээнүүдийг хууль бус хэмээн үзэж зохих хариуг ойрын үед өгөх болно гэдгээ зарлаад байсан юм.
Одоо Япон, Өмнөд Солонгос болон Америкийн батлан хамгаалах яамныхан Умардын харвасан пуужингийн явсан зам, нислэгийн чадвар, удирдлагын системийг нарийвчлан судалж байгаа бөгөөд дахин пуужин харвасан тохиолдолд замд нь илрүүлэн устгах арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ. Саяхан Вашингтон, Сөүл хоёр Өмнөд Солонгост шинэ загварын пуужингаас эсэргүүцэн хамгаалах ТХААД системийг байрлуулах тохиролцоонд хүрээд байсан.
Хэдийгээр Умард Солонгос тэдний газар нутгийн ойролцоо Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх зорилгоор энэ удаагийн пуужингийн туршилтаа хийсэн байж болох ч Пхеньяны энэ алхам Өмнөд Солонгост ТХААД систем байрлуулах ажлыг түргэтгэсэн байж болох юм гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа аж.
| Умард Солонгос "Скад" загварын гурван пуужин харвалаа | ||
| Үзсэн: 498 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.