Герман улсын Тройхлингенээс Вюрцбург хотыг чиглэн явж байсан орон нутгийн галт тэргэнд сүх болон хутгаар зэвсэглэсэн өсвөр насны дүрвэгч халдлага үйлдэж, 15 хүн хүнд хөнгөн шархадсан талаар Ройтерс агентлаг уламжиллаа.

Тус балмад халдлагыг хийсэн этгээд нь Афганистанаас Германд 14 хоногийн өмнө дүрвэн ирээд байсан 17 настай нэгэн байжээ. Одоогийн байдлаар гэмтэж, бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа бол цөөнгүй хүмүүс сэтгэлзүйн гүнзгий хямралд орсон болохыг цагдаагийн албаныхан мэдээллээ. Галт тэргийг зогсоход цагдаагийн тусгай хүчнийхэн гэмт этгээдийг бууж өгөхийг шаардсан ч, тэрээр галт тэрэгнээс бууж олны дунд орж зугатахыг оролдсон тул түүнийг буудан хороохоос өөр аргагүй болсон байна.

Одоо мэргэжлийн байгуулагууд хэргийн газрын үзлэгийг хийж байгаа бөгөөд өсвөр насны хүүхэд яагаад ийм аймшигтай гэмт хэрэг хийх болсныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Гэхдээ Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд алан хядах ажиллагаа үйлдэхэд нас, хүйс хамаагүй гэдэг нь энэ террорист үйл ажиллагаанаас харагдлаа хэмээн дүгнэж байна.

Гэмт хэрэг гарсан Бавари мужийн дотоод хэргийн яамны төлөөлөгч Йоахим Херман цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт этгээдийг аюулгүй болгосныг цохон тэмдэглээд, алан хядагчдын арга барил улам бүр нарийсч, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хэнийг ч ашиглахаас буцахгүй гэдэг нь энэ явдлаар харагдлаа гэж мэдэгджээ. Энэ үйл явдал нь Германы ард иргэдийн дургүйцлийг хүчтэй төрүүлээд байгаагаас гадна цагаач дүрвэгчдийн асуудлыг нэг мөр шийдэхийг өөрийн орны засаг захиргаанаас шаардаж байгаа юм.
![]()
| Афган гаралтай 17 настай этгээд халдлага үйлджээ | ||
| Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.