Өнгөрсөн Даваа гарагт эхэлсэн АНУ-ын Бүгд найрамдах намын ээлжит их хурал Охайо мужийн Клевланд хотод үргэлжилж байна. Энэ удаагийн хурал 4 хоног үргэлжлэх бөгөөд хурлын төгсгөлд энэ оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ зарлана гэдгээрээ онцлогтой байгаа юм.
Ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас урьдчилсан сунгааны ялагч Дональд Трамп өрсөлдөх нь бараг тодорхой байгаа юм. Түүний хувьд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэв дэвших эрхийн төлөө сунгаад өөрийн найман өрсөлдөгчийг илүүрхэн ялсан. Тэрээр өөрийн дэд ерөнхийлөгчөөр Бүгд найрамдах намын туршлагатай гишүүн Майк Пенсийг сонгосон гэдгээ албан ёсоор зарлалаа. Ингэснээр ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трамп, Ардчилсан намаас Хиллари Клинтон нар АНУ-ын төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөх нь ойлгомжтой болоод байна.

Гэхдээ Бүгд найрамдах намд Дональд Трампыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй улс төрчид цөөнгүй байгаа. Тэдний эгнээнд ерөнхийлөгч асан Бага Жорж Буш, сенатч Митч Ромни нар байгаа бөгөөд тэд хувийн үзэл бодлоо хамгаалан энэ удаагийн их хуралд оролцоогүй юм.
Дашрамд дурьдахад, хурлын үеэр Клевланд хотод нэр дэвшигч Дональд Трампыг эсэргүүцэгчдийн жагсаал болж байна. Гэхдээ энэ жагсаалыг зохион байгуулагчдын олонхи нь ардчилсан намыг дэмжигчид байгаа учраас Бүгд найрамдах намын их хурлын шийдвэрт нөлөөлөхгүй бололтой.
Хурлын эхэнд Америкийн 50 муж улсаас ирсэн Бүгд найрамдах намын зочид, төлөөлөгчид Батон Ружид алагдсан цагдаагийн гурван албан хаагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 1 минут дуугүй зогссон байна.
| АНУ-ын Бүгд найрамдахчууд Клевланд хотод чуулж байна | ||
| Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.