Шууд Chart

Турк Улс 3 сарын хугацаатай онц байдал зарлана

2016-07-22 10:48:44

Туркийн ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган тус улсад цэргийн эргэлт хийх оролдлого гарсантай холбогдуулан 3 сарын онц байдал зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэ мэдэгдлээ тус улсын засгийн газар болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтарсан хурлын үеэр хийсэн байна. 

Ерөнхийлөгч Эрдоган онц байдал зарлах болсон шалтгаанаа төрийн эргэлт хийж, Турк улсыг хагалан бутаргах хүсэл сонирхолтой хүмүүсээс ирж болзошгүй аюул заналхийлэл бүрэн арилаагүйтэй холбон тайлбарлажээ.

Туркийн үндсэн хуулиар онц байдал зарлахын тулд энэ шийдвэрийг парламент батлах ёстой байдаг. Гэхдээ парламентийн суудлын олонхийг ерөнхийлөгчийн нам нэгтнүүд эзэлдэг учраас онц байдал зарлах хуулийн төсөл батлагдана гэдэг нь тодорхой байгаа юм. Онц байдал зарласнаар засгийн газрын эрх бүхий байгуулагууд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ард иргэдийн эрхийг хязгаарлах, ямар нэгэн үндэслэл, зөвшөөрөлгүйгээр тагнан турших, мөрдөн байцаах эрхтэй болно.

АНУ болон Европын холбооны улсууд Туркэд хандан төрийн эргэлт хийхэд оролцоогүй гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй байхыг сануулсан ч, тус улсын дотоод хэрэгт оролцох сонирхол багатай байна. Олон улсын ажиглагчид Туркийн засгийн газар онц байдал зарласнаар ард иргэдийнхээ дунд нэр хүндээ алдаж, дарангуйлагч төрийн дэглэм тогтоож байна гэсэн олон улсын хардлагыг батлах болно хэмээн дүгнэжээ. Гэхдээ энэ дүгнэлт нь Туркийн засгийн газрын шийдвэрт бараг нөлөөлөхгүй бололтой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк Улс 3 сарын хугацаатай онц байдал зарлана   
Үзсэн: 860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй