Шууд Chart

Их Британи ЕХ-оос гарах асуудлыг энэ жилдээ багтаан шийдэхгүй

2016-07-22 12:06:09

Их Британийн шинэхэн ерөнхий сайд Тереза Мэй анхны албан ёсны айлчлалаа Герман улсад хийлээ. Тэрээр Берлин хотод Германы канцлер Ангела Меркельтай уулзсан бөгөөд хоёр орны засгийн газрын тэргүүнүүдийн ярианы гол сэдэв нь Их Британи Европын холбооноос гарах асуудал байв.

Уулзалт хаалттай болсон хэдий ч хоёр орны удирдагчид уулзалтын дараа сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй уулзалт тун найрсаг уур амьсгалтай болсныг цохон тэмдэглээд, Их Британи Европын холбооноос гарах асуудлыг энэ жилдээ багтаан шийдэхгүй гэдгийг албан ёсоор зарлажээ.

Германы канцлер Ангела Меркель Их Британи улс ийм чухал асуудлыг яаран шийдэлгүй тунгаан бодох хугацаа авч байгааг дэмжиж байгаагаа илэрхийлээд, асуудалд ултай суурьтай хандахыг уриалсан байна. Гэхдээ ултай суурьтай бодож байна гээд ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй удаах хэрэггүй гэдгийг санууллаа.

Одоо Тереза Мэй Франц Улсыг зорих бөгөөд Парист тус улсын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзах болно. Хэдийгээр Их Британид болсон бүх нийтийн санал асуулгаар тус улс Европын холбооноос гарах явдлыг ард иргэдийнх нь олонхи нь дэмжсэн боловч Их Британи Европын холбооноос олон улсын тавцан дахь нэр хүнд нь унаад зогсохгүй, эдийн засгийн багагүй хохирол хүлээх нь тодорхой болоод байгаа.

Тиймээс Их Британийн өнгөрсөн долоо хоногт байгуулагдсан засгийн газар үйл ажиллагаагаа жигдэртэл буюу ирэх он хүртэл энэ асуудлыг хөндөхгүй байхаар шийдсэн нь энэ удаагийн айлчлалаар тодорхой боллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи ЕХ-оос гарах асуудлыг энэ жилдээ багтаан шийдэхгүй  
Үзсэн: 1660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй