Африк тивийн Малави Улс заан үржүүлэх дархан цаазат газар дахин нэгийг нээхээр төлөвлөж байна. Энэ шинэ дархан цаазат газар нь нэн ховордоод байгаа 500 гаруй зааны амьдрах нутаг болох учраас дэлхийн зэрлэг ан амьтан хамгаалах төвүүд Малави Улсын энэ шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа мэдэгджээ.
Шинэ дархан цаазат газарт нутагшуулах заануудыг Малавигийн Ливонде үндэсний дархан цаазат бүс нутгаас авчрахаар төлөвлөж байгаа гэдгийг албаныхан уламжиллаа. Заануудыг шинэ газарт тууж хүргэх боломжгүй учраас мэргэжлийн багууд зохих судалгааг хийсний дараагаар сонгогдсон заануудыг унтуулдаг тариа ашиглан тусгай тээврийн хэрэгсэлд ачиж, шинэ нутагт нь авчирч тавихаар төлөвлөж байна. Шинэ дархан цаазад бүс нь заануудын амьдарч байсан хуучин газраас 300 гаруй километрийн алсад байрладаг тул ингэж тусгай тээврийн хэрэгсэл ашиглах нь заануудад ач тустай гэдгийг төслийн ахлагч Кэстер Викери онцоллоо.
1990 оноос хойш Африкийн зарим орнууд экспортын зорилгоор зааныг ихээр агнах болсон нь энэ гайхалтай амьтны тоо толгойг буурахад чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ сүүлийн үед зэрлэг байгаль дээр амьдарч буй амьтдыг харах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнээр, энэ төрлийн аялал жуулчлал багагүй хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулах эх үндэс болж болохыг Африкийн олон орны засгийн газар ойлгодог болоод байгаа. Тиймээс өөрийн орны нэн ховор амьтад амьдардаг бүс нутгийг дархан цаазтай бүс болгож, аялал жуулчлалыг хөгжүүлэх болсон.
Малави Улсын хувьд зэрлэг байгалийн аялал жуулчлалын салбараараа багагүй хөрөнгө босгосноос гадна заанууд өсч үржин ачаалалаа даахаа байсанаас үүдэн анх байгуулсан Ливонде дархан цаазат газраас өөр 2 дахь дархан цаазат газраа нээж байгаа нь энэ юм.
| Африк тивд заан үржүүлэх дархан цаазат газар дахин нэгээр нэмэгдэнэ | ||
| Үзсэн: 799 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.