Өчигдөр Иракийн нийслэл Багдад хотын Шиа дүүрэгт алан хядах болсны улмаас 15 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн хүнд хөнгөн шархадсан байна. Энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг "Исламын улс" террорист бүлэглэл өөр дээрээ хүлээжээ.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар Ням гарагийн өглөө Шиа дүүргийн шалган нэвтрүүлэх постын дэргэд нэгэн амиа хорлогч бөмбөг дэлбэлжээ. Тэсрэх бөмбөг дэлбэрэх үед шалгах нэвтрүүлэх постон дээр хөл хөдөлгөөн ихтэй байсан нь олон хүний амь үрэгдэх гол үндэс болсон байна. Аь үрэгдэгсдийн дунд хэд хэдэн цагдаагийн албан хаагчид байгаа болохыг албаны эх сурвалж цохон тэмдэглэлээ. Алан хядах ажиллагааны хариуцлагыг өөр дээр хүлээсэн "Исламын улс" террорист бүлэглэлийнхэн тэд энэ үйлдлээрээ аль болох олон цагдаа, цэргийн хүчний ажилчдыг устгахыг зорьсон гэдгээ цохон тэмдэглэсэн байна.
Шиа дүүрэгт Исламын шашны Суннит урсгалыг дэмжигчид олноор амьдардаг тул Исламын хэт даврагчид энэ дүүрэгт халдлага хийхийг байнга оролддог. Энэ сарын 3-ны өдөр Шиа дүүрэгт болсон алан хядах цуврал ажиллагааны улмаас 300 гаруй хүн амь үрэгдэж байсан түүхтэй. Түүнээс гадна Шиа дүүргээс гаралтай цэргийн хүчнийхэн "Исламын улс" террорист бүлэглэлийн гараас Фаллужа хотыг чөлөөлөхөд гол нөлөө үзүүлсэн бөгөөд одоо Иракийн 2 дахь том хот болох Мосулыг чөлөөлөх ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм.
Иймд засгийн газрын зүгээс тус дүүргийн хамгаалалтыг эрс чангатгаж, тусгай шалган нэвтрүүлэх пост байгуулаад байсан нь ийнхүү халдлагад өртсөн байна. Одоо бэртэж, гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаагаас гадна халдлагад өртсөн шалган нэвтрүүлэх постын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байгаа гэдгээ албаны эх сурвалж мэдэгдлээ.
| Алан хядах ажиллагааны улмаас 15 хүн амь үрэгдлээ | ||
| Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.