Шууд Chart

Герман Улсад дахин нэг алан хядах ажиллагаа боллоо

2016-07-25 16:00:30

Сүүлийн үед Исламын шашинт террорист бүлэглэлүүдийн гол бай нь Герман Улс болоод байна. Өчигдөр орой тус улсын Бавари мужийн Ансбах хотод алан хядах ажиллагаа болсны улмаас 1 хүн амь үрэгдэж, 14 хүн хүнд хөнгөн шархаджээ.



Энэ нь Герман улсад энэ сард гарч буй гурав дахь алан хядах ажиллагаа юм. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар дэлбэрэлтийн улмаас ганцхан амиа золиослогч этгээд амь үрэгджээ. Энэ алан хядах ажиллагааг Герман улсад 2 жилийн өмнө ирж, орогнол хүссэн, 27 настай Сири гаралтай иргэн зохион байгуулсан болохыг Баварийн дотоод хэргийн газрын дарга Иоахим Херман мэдэгдлээ. Мөн гэмт этгээдийн эхний бай нь Ансбах хотод зохион байгуулагдаж байсан 2,5 мянган иргэн оролцсон хөгжмийн наадам байсан хэдий ч, хамгаалалтын албаныхан түүнийг уг наадамд оруулаагүй учраас хотын төвд орших нэгэн зоогийн газарт орж амиа золиосолсон байх өндөр магадлалтай байгааг цохон тэмдэглэжээ.

Одоо хэргийн газарт мэргэжлийн байгууллагууд үзлэг шалгалт хийж байгаа бөгөөд хотын төвд дэлбэрэлт болсны дараа хөгжмийн наадмыг тараах шийдвэр гаргаж, олон хүн цуглардаг автобусны зогсоол, галт тэрэг, онгоцны буудлын хамгаалалтыг нэмэгдүүлээд байна. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа золиослогчийн ашигласан бөмбөг нь гар хийцийн хүч багатай бөмбөг байсан хэдий ч, тэсрэлтийн үед илүү их хохирол учруулах зорилгоор жижиг металлуудаар бүрсэн байсан нь олон хүнийг шархдуулах үндэс болжээ. Германы засгийн газар өөрийн аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд хэд хэдэн томоохон шинэчлэлт, өөрчлөлт хийхгүй бол цаашдаа ч алан хядагчдын бай болсоор байх болно гэдгийг олон улсын мэргэжилтнүүд анхаарууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман Улсад дахин нэг алан хядах ажиллагаа боллоо  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй