Өнөөдөр Лоасын нийслэл Вьентьян хотод АСЕАН-ы гишүүн 10 орны гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна. Энэ уулзалтын гол сэдэв нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай бүс нутгийн асуудал байсан болохыг албаны эх сурвалж мэдэгдлээ. Гаага дахь олон улсын Арбитрын шүүхээс БНХАУ-ыг дур мэдэн Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн зарлаж, тус бүс нутгийг зэвсэглэх эрхгүй талаар шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа БНХАУ-ын тал өөрийн төлөвлөсөн үйл ажиллагаанууд үргэлжлүүлж байгаа нь Зүүн Азийн хэд хэдэн улсын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.
Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай арлуудын асуудлыг энхийн арга замаар шийдэх нь Зүүн Номхон далайн бүс нутагт амар тайван, тогтвортой байдал авчирхад чухал нөлөөтэй гэдэг дээр талууд санал нийлсэн боловч хэрхэн шийдэх тал дээр өөр өөр байр суурьтай байгаа юм. Уулзалтын үеэр талууд өөрсдийн байр суурийг хамгаалан хүчтэй маргалдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна.
БНХАУ Өмнөд хятадын тэнгист хиймэл арлууд барьж, түүн дээрээ цэргийн анги нэгтгэлүүд байрлуулж эхэлснээр энэ бүс нутгийн газар нутгийн маргаан олон улсын тавцанд гарсан түүхтэй. Одоо маргаанд оролцогч талууд яриа хэлэлцээр хийх замаар тулгамдаад буй асуудлаа шийдэхийг оролдож байгаа ч үр дүнд хүрнэ гэсэн найдлага тун бага байна. Түүнээс гадна АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын дэглэм бүхий бүс нутгаар орон бүр чөлөөтэй зорчих эрхийг хамгаалан үлдэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байгаа юм. Уулзалт маргааш мөн үргэлжлэх болно.
| АСЕАН-ы гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна | ||
| Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.