Шууд Chart

Хутгатай этгээд 15 хүний амь насанд хүрчээ

2016-07-26 13:27:24

Японы нийслэл Токио хотоос холгүй орших Шагамихара хотод хутгаар зэвсэглэсэн этгээд нэгэн компанийн оффисийн байр руу дайран орж 15 хүний амь насанд хүрч, 20 гаруй хүнийг хүнд хөнгөн гэмтээсэн ноцтой гэмт хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар орон нутгийн цагаар 2 цаг 30 минутад оффисийн байранд хутгатай хүн дайран орсон талаар дуудлага Шагамихара хотын цагдаагийн газар тус компанийн ажилтан Цукуй Ямаюригаас ирсэн байна.

Цагдаагийнхан хэргийн газар ирэхэд гэмт этгээд зугтсан байсан бөгөөд олон тооны хүмүүс хутгалуулж гэмтсэн байсан учраас яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж эхэлжээ. Халдлага болсон тухай дуудлага ирснээс хойш 40 гаруй минут өнгөрсний дараа, 3 цаг бага зэрэг өнгөрч байхад гэмт этгээд Шагамихара хотын цагдаагийн газар өөрөө ирж хэргээ хүлээсэн байна. Тэрээр цагдаагийн газар ирэхдээ халдлага үйлдсэн хутгаа машиндаа орхисон байжээ.

Одоо хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай хотын цагдаагийн газраас мэдэгдсэнээс гадна гэмт хэргийг үйлдсэн 26 настай Сатоши Уемацу нь урьд нь энэ компанид ажилладаг байж байгаад халагдсан этгээд болохыг цохон тэмдэглээд, түүнийг тус компанид ажилладаг байхад нь хамтран ажиллагсад нь гадуурхаж, зүй бус харьцдаг байсан учраас өшөө авах зорилгоор энэ үйлдлийг хийсэн байх өндөр магадлалтай байгааг онцолжээ.

Эмнэлгийн байгууллагынхан бэртэж, гэмтсэн 20 хүний 4-ынх нь биеийн байдал туйлын хүнд байгааг санууллаа. Японд гарсан энэ ноцтой гэмт хэрэг нь өшөө авах зорилготой санаатай үйлдэл болохоос биш, ямар нэгэн террорист бүлэглэл, алан хядах ажиллагаатай холбоогүй болохыг Японы эрх бүхий байгууллагынхан тодотгосон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хутгатай этгээд 15 хүний амь насанд хүрчээ  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй