Өчигдөр Германы Бавари мужийн Ансбах хотод амиа золиослогч этгээд хотын төвийн нэгэн зоогийн газар бөмбөг дэлбэлсний улмаас 15 хүн хүнд хөнгөн шархдаж, гэмт этгээд өөрөө амь үрэгдсэн талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл Германы цагдаагийн байгууллагынхан амиа золиослогч этгээдийн гэрт үзлэг шалгалт хийх явцдаа тухайн этгээд нь энэхүү гэмт үйлдлээ "Исламын улс" террорист бүлэглэлийн удирдагч Абу Бахр Аль Багдадын төлөө хийсэн гэдгээ мэдэгдсэн гар утасны бичлэг олжээ.

Тэрээр энэ бичлэгтээ Жихадын ариун дайны төлөө энэ үйлдлийг хийж байгаа болохоо сануулаад, өөрийгөө "Исламын улс" террорист бүлгийн дайчин хэмээн зарлажээ. “Амак” нэртэй Исламын террорист бүлэглэлүүдийг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Жихадын ариун дайнд хувь нэмрээ оруулж Германд амиа золиосолсон этгээд "Исламын улс" террорист бүлэглэлийн дайчин байсан хэмээн мэдэгдээд, энэ халдлагын хариуцлагыг тус террорист бүлэглэл өөр дээрээ хүлээсэн болохыг онцолсон байна.
Гэхдээ гэмт этгээд "Исламын улс" террорист бүлэглэлийн төлөө гэхээсээ илүүтэй түүний хүсэлтэд татгалзсан Герман улсын төрийн байгууллагуудаас өшөө авах зорилгоор энэ халдлагыг үйлдсэн байх өндөр магадлалтай байгаа юм. Учир нь алан хядах ажиллагааг үйлдсэн 27 настай, Сири гаралтай этгээд 2014 оны наймдугаар сард Германы иргэн болох хүсэлтээ өгсөн боловч холбогдох байгууллагаас татгалзсан хариуг өгсөн нь тодорхой болсон. Түүнээс гадна энэ сарын 13-ны өдөр гэмт этгээдэд Германы газар нутгийг 30 хоногийн дотор орхин гарах шаардлага хүргүүлээд байсан байна. Энэ нь эх орондоо харихыг хүсээгүй гэмт этгээдэд алан хядах ажиллагаа хийх зорилго, сэдлийг өгсөн байж болзошгүй юм.
| Алан хядах ажиллагааг "Исламын улс" бүлэглэлийн төлөө үйлджээ | ||
| Үзсэн: 2310 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.