Өнөөдөр нарны эрчим хүчээр ажилладаг "Солар Импульс" онгоц дэлхийг тойрсон аяллаа дуусгалаа. Өнгөрсөн жилийн 6 дугаар сард Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу Даби хотоос гараагаа эхэлсэн "Солар Импульс" онгоц нэг жил гаруй хугацаатай үргэлжилсэн аяллаа дуусгаж Абу Дабид дахин газарджээ. "Солар Импульс"ийг бүтэн жилийн турш жолоодсон нисгэгч Бертранд Пиккард өөрийн 40 мянга гаруй километрийн аяллаа дуусгасны дараа хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрээр экологид ээлтэй, нарны эрчим хүчээр ажилладаг хөдөлгүүртэй онгоц ямар нэгэн осол эндэгдэлгүйгээр дэлхийг тойрч чадсан нь түүхэнд тэмдэглэгдэхээр үйл явдал болсон гэдгийг цохон тэмдэглээд, энэ үйл явдал нь байгальд ээлтэй хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн салбарт шинэ хуудас нээж байгаа болохыг онцолжээ.
Швейцарийн инженерүүдийн зохион бүтээсэн нэг хүний суудалтай, нарны эрчим хүчээр ажилладаг онгоцыг дэлхийг тойрч чадна гэдэгт итгэх хүмүүс цөөхөн байсан гэдгийг мэргэжилтнүүд санууллаа. Онгоцны хувьд өдрийн цагаар өөрийн 17 мянга 248 нарны эрчим хүчний хавтангаар цахилгаан үйлдвэрлэж, шөнийн цагт зай хураагуурт хадгалсан цахилгаан эрчим хүчээ ашиглан нисэж байсан юм. Мэдээж "Солар Импульс" жирийн онгоцтой харьцуулбал харьцангуй удаан буюу 75 километр цагийн хурдтай нисдэг байсан учраас дэлхийг тойрсон аялалдаа нэг жил гаруй хугацаа зарцуулжээ.
Түүнээс гадна онгоц нийтдээ 16 удаагийн урт хугацааны зогсолтуудыг Итали, Хятад, Энэтхэг, Америк зэрэг дэлхийн өнцөг булан бүрт хийж байсан юм. Дашрамд дурдахад "Солар Импульс" нь Алтантын далайг туулахдаа 70 цаг зарсан бол Номхон далай дээгүүр 118 цаг тасралтгүй ниссэн байна.
Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхийг тойрсон аяллаа дуусгалаа | ||
Үзсэн: 2995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.