АНУ-ын Ардчилсан намын их хурал Филадельфи мужид болж байгаа талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэгвэл тус их хурлаар ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын урьдчилсан сунгааны ялагч Хиллари Клинтоны нэр дэвших эрхийг баталгаажуулсан байна.
Ингэснээр АНУ-ын эрх баригч 2 намаас анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Хэрвээ тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон ерөнхийлөгч болж чадсан тохиолдолд АНУ-ын улс төрийн түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч, анхны ерөнхийлөгч болсон гэр бүл, анхны ерөнхийлөгч болсон тэргүүн хатагтай гээд маш олон анхны гэх тодотголыг өөртөө авчрах юм.
Нэр дэвшигч Хиллари Клинтон Ардчилсан намаас нэр дэвших эрхээ авсан ч, намын гишүүд бүгд түүнийг дэмжиж байгаа гэсэн үг биш юм. Түүний өрсөлдөгч Вермонтын сенатч Берни Сандерсийг дэмжигчид одоог хүртэл Хиллари Клинтоныг нэр дэвших эрхгүй хэмээн үзсэн хэвээрээ байгаа.
Их хурлын эхний өдөр Берни Сандерсийн дэмжигчид ямар ч тохиолдолд Хиллариг дэмжихгүй гэдгээ тодорхой харуулсан. Тэгэхээр Ардчилсан намд үүсээд байгаа энэ хагарал Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампад эерэгээр нөлөөлж байна. Түүний сонгуулийн компанит ажлынхан Берни Сандерсийн дэмжигчдийг Дональд Трампад санал өгүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм. Ямартай ч ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, тэрбумтан Дональд Трамп нар албан ёсоор өрсөлдөх боллоо. Дашрамд дурдахад хэрвээ Хиллари Клинтон сонгуульд ялж, ерөнхийлөгч болсон тохиолдолд түүний нөхөр ерөнхийлөгч асан Билл Клинтоныг хэрхэн нэрлэх тал дээр ард олны дунд багагүй маргаан үүсээд байгаа юм.
| АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон өрсөлдөхөөр боллоо | ||
| Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.