БНХАУ-ын батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ян Юу Жин тус улс Өмнөд Хятадын тэнгист ОХУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургууль хийхээр төлөвлөж байгаа болохоо мэдэгдлээ. Хоёр талын төлөвлөсөн ёсоор хамтарсан хээрийн сургууль ирэх 9 дүгээр сард болох юм байна.
Хоёр талын Өмнөд Хятадын тэнгист хийж байгаа анхны хамтарсан хээрийн сургууль нь аливаа улс орны эсрэг чиглэгдээгүй, зөвхөн хоёр улсын тэнгисийн цэргийн хүчний хамтын ажиллагааг сайжруулах зорилготой болохыг Хятадын батлан хамгаалах яамныхан цохон тэмдэглэжээ. Гэхдээ олон улсын цэргийн шинжээчид Орос, Хятадын энэ хамтарсан хээрийн сургууль нь АНУ болон түүний холбоотнуудтай Өмнөд Хятадын тэнгист нүүр тулсан тохиолдолд авах арга хэмжээгээ туршиж үзэх үндсэн зорилготой хэмээн таамаглаж байна.
Сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгисийг тойрсон газар нутгийн маргаан олон улсын тавцанд эрс хурцдаад байгаа өнөө үед дэлхийн тэргүүлэх хоёр орон тус бүс нутагт хамтарсан цэргийн сургууль хийж байгаа нь АНУ-ын баримталж буй олон улсын дэглэмтэй бүс нутгаар чөлөөтэй зорчих эрхийг хамгаалах ажиллагаанд өгч буй хоёр орны хариу боллоо хэмээн үзэж болох юм.
Хятад Улс нь Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн газар нутгийн нэг бүрэлдэхүүн хэмээн зарласан явдлыг олон улсын Гаага дахь Арбитрын шүүхээс хууль бус хэмээн үзсэн. Хятадын тал энэ шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсний дараа АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын дэглэм бүхий бүс нутгаар орон бүр чөлөөтэй зорчих эрхийг хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ сануулаад байнаа. БНХАУ Америкийн энэ мэдэгдлийн хариуд энэ удаагийн цэргийн сургуулийг хийж байж болох юм. Харин ОХУ өөрийн стратегийн гол түнш Хятадын байр суурийг дэмжих болно гэдгээ энэ алхмаараа харуулж байна.
| Орос-Хятадын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт болно | ||
| Үзсэн: 1638 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.