Бразилийн Рио де Жанейро хотод зохион байгуулагдах зуны Олимпийн XXXI наадмын нээлт болоод хаалтын арга хэмжээ алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болно.
"Маракана" цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалт 1948 онд эхэлж, 1950 оны зургаадугаар сарын 16-нд нээлтээ хийж байжээ. Тус хүрээлэнг 1966 онд Бразилийн сэтгүүлч Марио Филогийн хүндэтгэлд зориулан түүний нэрээр нэрлэсэн боловч олон нийтийн дунд Маракана нэрээрээ домог болон үлдсэн байна.
2010 онд тухайн үедээ хамгийн олон буюу 250 мянган үзэгчийн суудалтай байсан Маракана цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэлийн ажил хийж, орчин үеийн өнгө төрх, техник технологиор ханган 79 мянган үзэгчийг багтаахаар өргөжүүлж, янзалсан байна.
Ингэснээр тус цэнгэлдэх хүрээлэн Бразилдаа хамгийн томд тооцогддог бол Өмнөд Америкт хоёрдугаарт бичигдэх болжээ. Түүнчлэн шинэхэн цэнгэлдэх хүрээлэнд Бразил-Английн хөлбөмбөгийн шигшээ баг анхны тоглолтоо хийж байсан түүхтэй.
Маракана Рио-де Жанейро хотын төвөөс зүүн зүгт 5 км-т байрлах бөгөөд тус Копакабана наран шарлагын газар хүртэл 12 км ажээ. “Рио 2016” олимпийн наадам Рио-де-Жанейро хотын Деодоро, Барра, Копакабана, Маракана гэсэн дөрвөн газарт зохиогдох бөгөөд Маракана цэнгэлдэх хүрээлэн Олимпийн гол хэсэг болох юм. Ойрын өдрүүдэд Бразил улсад дэлхийн өнцөг бүрээс тамирчид болоод сэтгүүлчид, улс орныхоо тамирчдыг дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчид олноор цугларч байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллүүд бичсээр байна.
“Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болох олимпийн наадмын нээлт, хаалтад оролцохоор Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри тэргүүтэй 45 орны төр, засгийн тэргүүнүүд ирэх ажээ.
Энэ жилийн зуны олимпийн наадам 28 спортын 306 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд нийтдээ 207 орны 12 мянга орчим тамирчин оролцохоор болсон билээ.
Олимпийн нээлт "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд болно | ||
Үзсэн: 4205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.