"Рио 2016" зуны олимпийн хамгийн залуу тамирчин нь Непалын усан сэлэлтийн тамирчин Гаурика Синг. Тэрээр 13-хан настай боловч хүсэл мөрөөдлийнхөө төлөө няцашгүй зүтгэдэг нэгэн. Непалын усан сэлэлтийн рекордыг 7 удаа шинэчлэн тогтоож амжсан тэрээр өдгөө Лондон хотод амьдардаг хэдий ч олимпийн наадамд өөрийн улсыг төлөөлөн оролцох юм.
Тэрээр залуу тамирчин төдийгүй хүмүүнлэгийн үйлсийн элч болсон нэгэн. Гаурика Синг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Катманду хотод болсон аймшигт газар хөдлөлтийн үед үндэсний усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тэнд очсон байжээ.
Ээж болон бага дүү Саурентэй хамт байсан бяцхан охин "Тэр мөч үнэхээр аймшигтай байсан, бид барилгын 5 давхарт байсан болохоор зугатаж чадсангүй, өрөөний голд байгаа ширээний доор 10 минут хоргодсон. Чичиргээ намдсаны дараа шатаар доошоо бууж байхдаа амьд үлдсэндээ маш их баярласан. Азаар бидний байрласан барилга шинээр баригдсан, газар хөдлөлтөд тэсвэртэй байлаа. Тэнд амь үрэгдсэн, гэр оронгүй болсон мянга мянган хүн маш өрөвдөлтэй. Би тэдэнд тусалмаар санагдсан" гэж эргэн дурссан байдаг.
Удахгүй аавынх нь найз гамшигт өртсөн хүмүүст зориулж сургууль барина гэдгийн сонссон охин энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж, үндэсний аварга шалгаруулах тэмцээний шагнал болох 200 орчим фунтыг хандивлажээ. Түүний аав Парас өглөө болгон 4 цагт босч, бэлтгэл хийдэг охиноо амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж "Би охиноороо бахархдаг, түүнд ямар их хайртайгаа өдөр болгон мэдрүүлэхийг хичээдэг" гэжээ.
Тэрээр олимпод усан сэлэлтийн төрлөөр эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд өрсөлдөх болно. Одоогоор түүний дээд амжилт нь нэг минут 8,12 секунд. Харин бяцхан охины хамгийн хүчтэй өрсөлдөгч болох "Лондон-2012" олимпийн мөнгөн медальт, өөрөөс нь 11 насаар эгч Австралийн тамирчин Эмили 100 метр замыг 58,26 секундэд туулсан амжилт үзүүлээд байна.
Эмэгтэйчүүдийн 100 метрийн зайн усан сэлэлтийн тэмцээн наймдугаар сарын 8-нд олимпийн усан цэнгэлдэх хүрээлэнд болно.
Риогийн олимпийн хамгийн залуу тамирчин Гаурика Синг | ||
Үзсэн: 3867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.