Ийнхүү Өмнөд Хятадын тэнгис дэхь Хятадын цэргийн томоохон сургуулилт, ирэх сард энэ бүс нутагт болох ОХУ, Хятадын цэргийн хамтарсан сургуулилт АНУ-ыг тагнуулын хоёр онгоцоо Японы Кадена цэргийн баазад авчрах шалтгаан боллоо гэж цэргийн шинжээчид харж байна. Өчигдөр өглөө Японы Окинава арал дахь Америкийн цэргийн Кадена баазад “Глобал Хавк” загварын хоёр онгоц газардсан тухай Эн-Эйч-Кэй агентлаг уламжилсан бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрхи таамгыг дэвшүүлж байна.
Тодруулбал Цэргийн шинжээчид ийм өндөр зэрэглэлийн туршуулын онгоцнууд анх удаа Кадена баазад ирээд байгааг онцолж байна. Японы цэргийн салбарын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Америкийн тагнуулын онгоцнууд Гуам дахь цэргийн баазаас ирээд байгаа юм байна. Олон нийтийн анхаарлыг татахгүй байх үүднээс тагнуулын онгоцнууд нэг зэрэг нисч ирээгүй байна.
Тодруулбал хоорондоо гурван цагийн зайтай Окинава арал дахь Кадена цэргийн баазад газарджээ. Америкийн агаарын цэргийн хүчнийхний ашигладаг “Глабол Хавк” туршуулын онгоц нь орчин үеийн ажиглалтын бүр төрлийн камер, дулаан мэдрэгчээр тоноглогдсон өндөр зэрэглэлийн байлдааны хөлөг юм. Энэ онгоц нь тагнуулын мэдээ мэдээлэл цуглуулах чадвартайгаас гадна шаардлагатай тохиолдолд сөргөлдөгч талд ч цохилт өгөх боломжтой юм байна. Одоогоор Америкийн тал ямар санаа зорилготойгоор эдгээр туршуулын онгоцуудыг Кадена баазад авчирсан нь тодорхойгүй байна.
Гэвч олон улсын цэргийн шинжээчид Пентагон Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын хийж буй сургуулилтыг ажиглах, ирэх сард эхлэх Хятад Оросын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтыг судлах арга замыг одооноос эрэлхийлж байх магадлалтай ч гэдэг таамаг гарч байна. Ямартай ч АНУ олон улсын анхаарлын төвд байгаа Өмнөд Хятадын тэнгис дэхь маргаантай бүс нутгийг хяналтандаа байлгах сонирхолтой байгаа нь шинэ загварын туршуулын онгоцуудаа Кадена цэргийн баазад авчирсанаар батлагдлаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
| Окинава дахь цэргийн баазад Америкийн тагнуулын онгоцууд газарджээ | ||
| Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.