ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт 2000 гаруй километрийн зайд орших Сибирийн Ямало-Ненец мужид тахал гарсны улмаас 12 настай хүү амиа алдсан болохыг тус мужийн дарга Дмитрий Кобелкин мэдэгдлээ. Энэ нь дээрх мужид сүүлийн 75 жилийн хугацаанд гарч буй анхны тахал аж.
Одоогийн байдлаар хорь гаруй хүн халдвар авсан нь тодорхой болоод байгаа учраас Оросын халдварт өвчинтэй тэмцэх байгууллагууд тахлыг газар авхуулахгүйн төлөө чадах бүхнээ дайчлан ажиллаж байна. Гэхдээ алслагдмал байрлалтай, нүүдэлчин цаатан иргэд олноор амьдардаг тус бүс нутагт хүн бүрт эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгааг албаныхан цохон тэмдэглэлээ.
Оросын алс дорнодод дэгдээд байгаа энэ тахлын улмаас одоогийн байдлаар 2300 гаруй цаа буга үхээд байна.
Мужийн захирагчийн мэдээлж буйгаар ихэнх цаа буганд урьдчилан сэргийлэх вакцин тарьсан учраас одоо дахин үхэхгүй байх өндөр магадлалтай байгаа юм.
Одоо Ямало-Ненец мужийн төв хот болох Салехардад олон тооны цаатан иргэдийг шинжилгээнд оруулаад байна.
Засгийн газрын зүгээс тахалд нэрвэгдсэн цаатан иргэдэд тусламжийн гараа сунгаж 90 сая рублийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Энэ тусламжийн ихэнх нь урьдчилан сэргийлэх тарилга, тахалт өвчний улмаас амьжиргааны эх үүсвэрээ алдсан цаатангуудад зориулагдаад байна.
Орон нутгийн эрүүл мэндийн байгуулагууд цаатан иргэдэд хандан дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг санууллаа. Учир нь цаатан иргэд орчин үеийн эмнэлгийн байгуулагуудад найдахаасаа илүү гэрийн нөхцөлд ардын эмчилгээ хийхийг илүүд үздэг учраас өөрсдийн өвчнийг хүнд шатанд гаргасны дараа л эмчид хандах нь олон байдаг байна. Саяхан дэгдсэн энэ тахал цаа бугаар дамжин хүнд халдаж байгаа тул цаатан иргэдтэй улс орнууд анхааралтай байхыг олон улсын эрүүл мэндийн байгууллагаас сануулжээ.
| Оросын цаатнуудын дунд тахал өвчин гарчээ | ||
| Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.