АНУ-ын Мериланд мужийн Елликот хотод их хэмжээний бороо орсны улмаас үер болж, хоёр хүн амь үрэгдэн цөөнгүй хүн орон гэргүй болжээ. Хотын захиргааны мэдээлж буйгаар орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн 19:00-21:00 цагийн хороонд орсон борооны улмаас усны түвшин эрс нэмэгдсэн нь үер болох үндэс болжээ. Иймд мэргэжлийн байгууллагууд үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хотыг сэргээн босгоход хамгийн багадаа 2-3 сарын хугацаа орно гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна. Мөн үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд туслах ажиллагааг эхлүүлжээ. Америкт үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагууд үерт автсан бүс нутгийн иргэдэд эд зүйл, хөнжил хувцас гээд чадах бүхнээрээ тусалж байгааг хотын удирдлага онцоллоо.
Цаг уурчдын мэдээлж буйгаар хоёр цагийн дотор 16 сантиметр хур тунадас унасан нь хотыг бүхэлд үерт автуулахад хангалттай байсан байна. Түүнээс гадна Елликот хот далайн түвшнээс дор байрладаг учраас гэнэт орсон их хэмжээний ус өөр газар руу урсалгүй тогтсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Иргэд “Хувингаар гэнэт асгах мэт бороо орж эхэлсэн бөгөөд тун удахгүй хотын төв гудмаар машинууд ямар нэгэн жолоодлогогүй урссан. Иргэдэд яаралтай арга хэмжээ авах боломж бараг байгаагүй нь хохирлын хэмжээг эрс нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн” гэв. Одоо хотыг сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлэхээр төлөвлөж байна.
| АНУ-ын Елликот хотод үер болсны улмаас хоёр хүн амь үрэгдлээ | ||
| Үзсэн: 570 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.