Шууд Chart

НҮБ-ын аюулгүйн зөвлөл умард Солонгосын хийсэн пуужингийн туршилтыг эрс буруушаалаа

2016-08-04 11:48:34

Умард Солонгос Улс Родонг загварын дунд зайн тусгалтай пуужингийн туршилт өчигдөр хийснийг манай сайт уншигч танаа мэдээллэсэн билээ. Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлыг хэлэлцэх зорилготойгоор шуурхай хуралдааныг хийсэн байна.    

Хурал хаалттай болсон хэдий ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умардын хийсэн дунд зайн тусгалтай пуужингийн туршилтыг эрс буруушааж байгаа болохоо албан ёсоор уламжиллаа. Америкийн цэргийн тагнуулын албаны мэдээлж буйгаар Пхеньян баруун бүсийн нутгаасаа хоёр дунд зайн тусгалтай пуужин хөөргөсөн хэдий ч нэг нь хөөрөөд удалгүй дэлбэрсэн байна. Харин үлдсэн нэг пуужин нь 1000 гаруй километр замыг туулаад Япон тэнгист газарджээ.

Тус пуужин нь олон улсын дэглэм бүхий далай тэнгисийн бүс нутагт газардсан ч гэсэн Японы усан хилтэй туйлын ойрхон байсан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаад байгаа юм. Түүнээс гадна пуужинг хөдөлгөөнт суурьнаас харвасан байж болзошгүй аж.

Одоо НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг ямар арга хэмжээ авах талаар ярилцаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Ер нь 2016 он гарснаас хойш Солонгосын хойгт тогтворгүй байдал үүсээд байгаа бөгөөд зөвхөн 2016 оны эхний хагас гэхэд Умардын талаас дөрвөн пуужингийн болон нэг цөмийн зэвсгийн туршилт хийгджээ. Үүнийх нь хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньяны эсрэг түүхэнд байгаагүй хатуу хориг арга хэмжээнүүдийг авсан ч үр дүнгээ өгөхгүй байгаа нь саяны пуужингийн туршилтаар харагдлаа.

Хэдийгээр АНУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй барууны орнууд Умард Солонгосын эсрэг байж болох бүхий л хориг арга хэмжээг авахыг уриалж байгаа ч, Хятад, ОХУ тэргүүтэй Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд энэ асуудалд төдийлэн өндөр ач холбогдол өгөхгүй байна. Тиймээс дэлхийн улс төр судлаачид Умард Солонгосыг хүчлэхийн оронд, зөөлөн аргаар буюу харилцан ярилцаж, хэлэлцээрийн ширээний ард суух замаар Солонгосын хойгийн хямралыг шийдвэл илүү үр дүнтэй байж болохыг санууллаа.            

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын аюулгүйн зөвлөл умард Солонгосын хийсэн пуужингийн туршилтыг эрс буруушаалаа  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй