Умард Солонгос улс өчигдөр баллистик пуужин харвасантай холбоотойгоор НҮБ –ын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан хийгээд байна. Энэхүү хуралдааныг АНУ, Япон улсууд санаачлан хийлгэсэн юм. Энэ үеэр аюулгүйн зөвлөлийн гишүүд НҮБ-ын тогтоол шийдвэрүүдийг үл харгалзан баллистик пуужингийн туршилт хийсэн Умард Солонгосыг эрс зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Умардын эсрэг аюулгүйн зөвлөл шийдвэртэй арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэцгээсэн байна.
Мөн БНСУ ын суурин төлөөлөгч нь Умардууд өдөөн хатгасан үйлдлээ цаашид ч үргэлжлүүлэх юм бол яриа хэлэлцээнд эргэн орох ямар ч боломж байхгүйг анхааруулж байлаа. Үүний зэрэгцээ дээрхи 3 орны дипломатчид Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулахаар төлөвлөж байгаа пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Америкийн Таад системийн талаар хөндөж ярьсан юм.
Тэд энэ системийг Солонгосын хойгт байрлуулснаар тус бүс нутгийн байдлыг тогтворгүй болгоно гэдэг таамаг дүгнэлтийг няцаасан байна. Тухайлбал АНУ-ын суурин төлөөлөгч Саманта Пауэр Таад системийг Өмнөд Солонгост байрлуулах нь зөвхөн Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн аюул заналхийллээс батлан хамгаалах зорилготойг тэмдэглэн хэлсэн байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөл өнгөрсөн 3-р сард Умард солонгосын эсрэг хатуу хориг хэмжээ авах тогтоол баталсан юм. Энэ тогтоолын дагуу Умардад иргэний нисэхийн болон пуужингийн түлш нийлүүлэхийг хориглосон бол, Умардыг зорьж яваа бүх хөлөг онгоцуудыг сайтар нягтлан шалгах болсон юм.
Мөн Умардад бүх төрлийн зэвсэг худалдаалахыг хориглосон бөгөөд төмрийн хүдэр, нүүрс, алт, титан болон газрын ховор эрдсүүдийг нь импортлон авахыг хориглосон байдаг. Энэ тогтоолыг аюулгүйн зөвлөлийн баталсан хамгийн хатуу арга хэмжээнд тооцдог ч Умардын эрх баригчид дагаж мөрдөхгүй гэдгээ өчигдрийн пуужингийн туршилтаараа дахин баталсанд тооцогдож байгаа юм.
| НҮБ-ын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаанаар Умард Солонгосын асуудлыг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.